Цэс Close

ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.10.18) хуралдаан 11 цаг 09 минутад, гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед санал хураалт явуулаагүй зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар гүйцээн боловсруулсан хэмээлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Р.Батболд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу төслийн 1 дүгээр хавсралтын дөрөв дэх чиглэл “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн хэсгийн 4.3.8 дахь заалтыг хасаж, мөн хавсралтын 4.4 дэх хэсэгт “Улс төр дахь мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг хориглож, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн агуулгатай 4.4.7 дахь заалт нэмэх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан төслийн 2 дугаар хавсралтын 1.5.1 дэх заалтын “Бодлогын үндэслэл”-д “МУХТЖҮЧ-8.1.2, ЗГҮАХ-3.3.2.2” гэж, “Төсөл, арга хэмжээ”-нд “1.5.1.7.Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтын нүүрсний экспортын терминалыг барих ажлыг эхлүүлэх” гэж, “Шалгуур үзүүлэлт”-д “Барилгын ажлын гүйцэтгэл” гэж, “Хэмжих нэгж”-д “Хувь” гэж, “Зорилтот түвшин”-д “30” гэж, “Санхүүжилтийн эх үүсвэр”-т “Төр, хувийн хэвшлийн түншлэл” гэж, “Үндсэн хариуцагч”-д “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо” гэж, мөн заалтын “Бодлогын үндэслэл”-д “ МУХТЖҮЧ-8.1.2, ЗГҮАХ-3.3.2.4” гэж, “Төсөл, арга хэмжээ”-нд “1.5.1.8.Ховд аймгийн Булган сумын Байтаг боомтыг байнгын ажиллагаатай боомт болгох” гэж, “Шалгуур үзүүлэлт”-д “Ажлын гүйцэтгэл” гэж, “Хэмжих нэгж”-д “Хувь” гэж, “Зорилтот түвшин”-д “100” гэж, “Санхүүжилтийн эх үүсвэр”-т “Төр, хувийн хэвшлийн түншлэл” гэж, “Үндсэн хариуцагч”-д “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо” гэж тус тус нэмэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг эцсийн хувилбарын төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах