ҮХНӨ зөв байсан нь төсвийн хэлэлцүүлэг дээр илүү тод харагдаж байна
Төсөв ид хэлэлцэж, овоо хэд хоног хэрэлдэж, хэлэлцлээ. Эхний даваагаа ч давж л байх шиг. Чуулганы танхимд хэл ам, тасарсангүй. Яахав, олуулаа хэлэлцсэний үр дүн бас зарим зүйл дээр харагдаж байна. Үргүй зардлуудыг гялайх гялтайх, ажилдаа шаргуу хүмүүс мэр сэр харагдаж л байна. Парламент шинэчлэгдсэн нь бол яалт ч үгүй мэдрэгдэж байна. Төсвийн алдагдал, үргүй зардлыг гишүүд зад шүүмжилж байна. Л.Оюун-Эрдэнийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гэж зүтгүүлээд байсны үр дүн гарч байж мэдэх юм. Монголын улс төрд цус сэлбэлт хийгдсэн нь илт мэдэгдэж байна. Олуулаа хэлэлцвэл буруугүй. Өнөө мега төслүүдээс бусдаар бол үргүй зардлыг танах тухай шүүмжлэлийг эрүүлээр хүлээж авч байна. Энд ч нэг шинэ залуу үг хэлж, нэг намын нөхөд эрүүлээр мэтгэлцэж, тэнд ч нэг гишүүн шүүмж өрнүүлэх юм.
Анх ҮХНӨ-ийг хүлээж авахад амаргүй байлаа. Байн байн Үндсэн хуульдаа гар дүрээд байх ч хүсэх юм биш. Гэвч эртнээс л тогтолцоо болохгүй байна гэж ам амандаа хэлж байсан ч тогтолцооны өөрчлөлтийг шууд дэмжихэд амаргүй байсан болов уу. Одоогоор дэлхий дээр хамгийн зөв нь гээд хэлчих тогтолцоо байхгүй. Аль алинд нь л сайн, муу тал байдаг. Давуу тал нь илүү байж, явцын дунд үр дүн нь ямар байх бол, энэ улс оронд аль нь чухал байж вэ гэдэг нь харагддаг. Ямар ч байсан жижиг гэгдэх намуудад боломж олдлоо. Сайн, муугаараа хэлүүлж байгаа ч өөр үзэл бодол, эрх баригч, сөрөг хүчин, тэр байтугай сүүдрийн засгийн газар гэх ойлголтууд гарч ирж, хэрэгжиж байна. Нэг ёсондоо парламент олон өнгөтэй болж байна. Ярсхийтэл гараа өргөн шийдвэр гаргахад амаргүй болж. Хоёр нам л ээлжлэн эрх барьж, тэдний байр суурь л парламентад илэрхийлэгдэж байсан бол одоо өөр байна. МАН-ын удирдлагууд залуу хүний зоригоор л ийм өөрчлөлтийг гадаад, дотоодын шүүмжлэл, элдэв хүчин зүйлсийг тоомжиргүйгээр зорьсондоо хүрчээ. Шинэ парламент бүрдээд удаагүй байгааг ч хэлэх үү, анхны төсвөө хэлэлцэхдээ л бужигнаж эхэлж, бас ч гэж эрүүл уур амьсал бүрдэж эхэлж буй нь сайшаалтай юм. Жагсаалтын эхэнд бичигдсэн нөхдийг залуу нас, танил биш төрх, туршлага талаас нь шүүмжилж байсан бол тэд харин ч зоримог байна. Гишүүдийн насны харьцаа бас ч гэж нэг талдаа айхтар гарчихсангүй. Аль ч насны төлөөлөл байна. Мөн жендерийн хувьд ч томоохон өөрчлөлт гарсан. Энэ бол эхний л дүгнэлт. Эрх баригчид мэдээж Засгийн газрыг тогтвортой байлгах, мөн зорьж байгаа ажлаа саадгүй явуулах гэж л дангаараа боломжтой байхад бусад намдаа санал тавьж, хаматрсан засгаа бүрдүүлэх вэ дээ. Ердөө л Монголын төлөөх байсан болов уу. Ингэж хэлж, бичихээр Засгийн газарт долигонолоо гэж андуурав. Монголчууд бидний шүүмжлэлт сэтгэлгээ заримдаа хэтийдээд байгаа. Асуудалд авах, гээхийн ухаанаар хандахгүй, мэдээллийн цаад нарийн асуудлыг нягтлалгүй, өнгөц дүгнэн, юу юугүй л доромжилж, дайрах нь хэрээс хэтрээд байгаа. Баруун, солгойгүй шүүмжилдгээрээ бол бид өнөөдөр дэлхийд аваргалахаар болсон. Түүний оронд зөв эрүүл шүүмжлэл бол зайлшгүй хэрэгтэй. Ардчилсан орны иргэд бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхйлэх эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Харин Азийн цээжин дэх энэ Монгол Улсад хөгжлийн шатаар өгсөх боломж чамгүй байсан юм. Поп улстөрчид, дотоодын эсэргүүцэгчид, хэт үгүйсгэгчдийн хар гайгаар улс оронд хэрэгтэй чухал олон асуудал уягдаж үлдсэн юм шүү. Энэ засгийн тэргүүн хэн байгаа нь, төрийг хэн удирдаж байгаа нь яг одоо бол нэгдүгээр асуудал биш. Харин ярьж мөрөөдөөд, бас гэж хийчих гээд байгаа “тэнэг” зоригийг нь мохоочихолгүйхэн шиг л улсын хөгжлийг урагшлуулах хэдэн төслийг нь дэмжээд явуулчихмаар байна. Гэвч хяналтыг иргэд бид, мөн парламентад суудалтай намууд, олон ургалч үзлээр мэтгэлцэгчид нүд салгалгүй харж суух нь чухал юм. Зориулалтын бусаар зарцуулах, хувийн шуналаар асуудалд хандах аваас ёстой бурхан байсан ч тэмцэхээс өөр аргагүй. Одоо л энэ засгийг тэргүүлж байгаа нөхрийн хэн гэдгийг, хэр удирдагч болохыг, хэлсэндээ хүрдэг эсэхийг анаад суучихъя. Иргэд чинь зад шүүмжлээд байдаг ч гэсэн итгэлээ өгсөн шүү. Тэр итгэлийг нь алдчихгүйхэн шиг урагшаа хараад индэр дээрээс хэлж ярьсан амлалтаа нэг биелүүлчихнэ биз ээ. Алсдаа Монголд хэрэгтэй л юм бол түүний төлөө ард түмэн ч гэсэн айхтар дургүйцээд байх нь үгүй биз ээ.
Д.Жамц
Сэтгэгдэл үлдээх