УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзлаа
Жендэрийн үндэсний хорооноос Монгол Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүдтэй жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцох, хамтын ажиллагааг тодорхойлох “WOMEN FOR WOMEN 32/126” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг УИХ-ын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа нээж, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр: Төрөөс баримталж буй жендэрийн бодлого, хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх, Gender-Media судлаач Д.Мөнхчимэг, Мэдрэмжтэй мэдээлье нэгдлийн сургагч багш, сэтгүүлч Э.Энэрэл: “Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээлэл- олон нийтийн төсөөлөл, түүний ач холбогдол, үр нөлөө”сэдвээр тус тус мэдээлэл хийж, асуулт, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү уулзалтаар улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, ЖЭТБХтХ-ийн 10 дугаар заалтын хэрэгжилт, төрийн албаны томилгоонд хосолмол удирдлагыг нэвтрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хамтын санаачилга, оролцоог хангах чиглэлээр санал солилцлоо.
“Тогтвортой хөгжил-2030” баримт бичгийн тавдугаар зорилт болох Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтын нэг шалгуур үзүүлэлт нь парламент, орон нутгийн эрх барих хуралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх юм. УИХ-ын 2024 оны 9 дэх удаагийн ээлжит сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар(эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчилснаар 5 нам эвслийн тойргоос 8 эмэгтэй, жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь Азийн дунджийг ахиулж дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхөөд байна.
Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 2024 оны 4-р сарын байдлаар Монгол Улс 17 эмэгтэй гишүүний тоогоор 190 улсаас 129-р байранд бичигдэж байна. Шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу, энэ нь 27-30 байраар урагшлах болзлыг хангаад байна.
Сэтгэгдэл үлдээх