Цэс Close

Төсөвт тавьсан хоригийг улстөржүүлээд яахав дээ, цаад гурав чинь эвтэй байна лээ

 Монголын улс төр бужигнаантай байна. Энэ нь өнөөдөр л гэнэт болж байгаа үйл явдал биш. Монголчууд нь дээр, доргүй бужигнаж, улстөржиж ирснийг нийтээрээ л мэддэг болсон.  Улстөржилт нь хэтрээд  Монгол Улс хамгийн тогтворгүй Засгийн газартай явж ирсэн. Сүүлд Үндсэн хуулиар үүнд хаалт тавьсан цагаас хойш Засгийн газар ажлаа хийх бололцоо олдсон. Гэлээ гээд шүүмжлэлийн ширүүн хур буудгаараа л бууж байгаа. Их болсон уу гэхээс бага болсонгүй. Сошиал хөгжсөн энэ үед арга ч үгүй биз. Бас энэ үйл явцыг айхтар цочирдон хүлээж авах ч шаардлагагүй. Аль ч улсын иргэд Засгийн газраа шүүмжлэх нь байх л юм.

  Одоо харин гол асуудалдаа оръё. Сүүлийн сар гарны хугацаанд төрийн удирдлагуудын асуудал, хурцадмал байдалд орсон мэт мэдээлэл төсвийн асуудалтай зэрэгцэн түгэх болов. Зарим нь бүр шинэ Ерөнхий сайд хэн бэ гэж ирээд яс хаясан байна лээ. Ерөнхийлөгчийн зүгээс зарим мэдээлэлд няцаалт өгсөн харагдана лээ. Үйл явцаас харахад төр удирдаж байгаа эрхмүүд “зодоон”-доо тулчихсан юм өнөөдрийн байдлаар алга. Ерөнхий сонгуулийн анир тавьсан тандалт, ажиглагчид, хэвлэл мэдээллийнхний харж буй өнцгүүд янз бүрээр л явж байна. Мөн энэ Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг үүнтэй холбож улстөржүүлж байгаа нь тодорхой харагдаж байна. Ерөнхийлөгч иргэдэд таалагдах гээд ч юм уу, эсвэл Засгийн газрыг муухай харагдуулах гээд хориг тавьсан юм биш. Засгийн газар төсвийн тодотгол хийх нь шийдэгдсэн байсан. Нэгэнт баталж, зарцуулж эхэлсэн төсвийг тодотгосноос зарцуулж эхлээгүй байхад нь төсвөө бүхэлд нь авч үзэж засах нь үр дүнтэй. Харин ч энэ нь УИХ, Засгийн газарт Ерөнхийлөгчийн хориг нь боломж олгож буй явдал юм. Нэгэнт төсөвт өөрчлөлт орох нь тодорхой байсан шүү дээ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн хориг нь УИХ, Засгийн газрын эсрэг улстөр хийсэн попрол биш, төрийн гурвын хамтын шийдэл байсан нь харагдаж байна. УИХ, Засгийн газар аль, аль нь Ерөнхийлөгчийн хоригийг үгүйсгэж, дайрсангүй. Хоригийг хүлээгээд авчихлаа. Ерөнхийлөгч төсөвт хориг тавих нь цоо шинэ зүйл биш. Хориг дээр улс төрийн хор цацан ашиг хонжоо хайх сонирхлоор дөгөөх хэсэг бүлгийн сонирхол явж байж болзошгүй.

    Тэгэхээр энэ тохиолдолд төсвийн талаар шүүмж хэлэх нь эрүүл үзэгдэл ч  төсөвтэй холбоотой үйл явцыг  улстөржүүлэх нь тийм ч оновчтой биш юм. Ямар ч байсан хориг дээр төрийн удирдлагуудын сөргөлдөөн байгаагүйг хоригийг хүлээж авахыг хэлэлцэх явцаас харагдсан.

   Энэ удаагийн төсөв санаанд оромгүй нэмэгдлээ гэж шагшрах нэг хэсэг байгаа бол үргүй зардлаа танах нь зүйтэй гэж шүүмжлэх нэг хэсэг байна. Энэ бол эрүүл үзэгдэл. Харин яс хаясан хэрүүл тарих сонирхол бол Монголыг хорлох гэсэн хорон санаатан байхаас зайлшгүй.   Ер нь хэлэлцэж, сайжруулаад явах нь зүйн хэрэг. Засгийн газрын тэргүүн ч, УИХ-ын дарга ч үүнийг зөв гэж үзэн хоригийг нааштай хүлээж авсан. Магадгүй өмнөх туршалагаас харахад Ерөнхийлөгчийн хориг улстөржилтийн том сэдэв болдог байсан.  Тиймдээ ч хориг тавихаар УИХ хүлээж авахгүй, сүүлдээ Цэцэд хандахдаа тулдаг байсан.  Энэ удаа харин хүлээж аваад хэлэлцлээ . Хэдийгээр УИХ-ын гишүүдийн зарим нь хатуу шүүмжлэл хэлж байсан ч энэ нь нэг их цочирдохоор зүйл биш байлаа. Энд нэг зүйлийг онцолмоор байгаа юм. Үр ашигггүй хэдэн зуун төсөл оруулж ирдэг байхад хэл ам таталдаггүй үе байсныг бас санах хэрэгтэй. Энэ удаа тэр төслийн тоо хэд дахин цөөрсөн. Харин үр ашиг, улсын хөгжилд нэмэртэй гол төслүүдээ явуулахын тулд зүтгүүлж байгаа нь зүйтэй юм. Чухал төслүүдийн  хөрөнгө оруулалтын үр шимийг улсаараа хүртдэг учраас  дээрх төслүүд чухал.

 Ер нь бол төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газар хөрөнгө оруулалтаа эрэмбэлж байгаа юм билээ. Зайлшгүй шаардлагатай төслүүдэд хөрөнгө оруулна гэсэн үг. Нэг үгээр бүгдийг биш, чухлыг гэсэн байр суурь барьж байна уу гэж анзаарагдлаа. Төсвийн зардлын нэмэгдсэн дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсвийн зардлыг ажиглахад урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн харагдана. Сургууль, цэцэрлэгээс эхлээд цалин, тэтгэврийн нэмэгдэл, шинэ батлагдсан хууль дагаж орж ирж буй зардал зэрэг нь бүгд нэмэгдэж орж буй урсгал зардал аж. Төсвийн алдагдлын нэмж буй өөр нэг шалтгаан нь бүсчилсэн хөгжлийн бодлогоор улс орныг хөгжүүлэхтэй уялджээ. Өөрөөр хэлбэл өнөөх мега төслүүдэд зориулагдахаар орж иржээ. Гэвч нэгэнт олон нийт, УИХ-ын гишүүд ч шүүмжилж байгаа хойно, өөрсдөө бас заримтай нь санал нийлж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч  байгаа бол Засгийн газар төсвийнхөө “ус”-ыг нь шавхаад оруулж ирэх биз ээ.  

  Хууль эрх зүйн орчин, Засгийн газар нь тогтворгүй гэж гадны хөрөнгө оруулагчид ч шүүмжилж ирсэн. Тиймээс Монгол төр, Монгол Улс амар тайван байх нь л чухал юм.

   Хувь улстөрч, сэтгүүлч, иргэдийн байр суурийг үгүйсгэх аргагүй ч эцсийн үнэн мөн үү гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй.  Монгол Улс гаднаас хараат зарим зүйлээс ангижрах хүсэлтэй   ч нефть, эрчим хүчний асуудал одоо ч бүрэн шийдэгдэхгүй, он удаан явж ирсэн. Энэ хамтарсан Засгийн газраас хүсэх горьдлого бол мега төслүүд урагшилж, Монголын хөгжил наашлаасай билээ.

    Мега төслүүдийг урагшлуулахын төлөө харин олон нийтээрээ хүчтэй шаардлага тавих хэрэгтэй. Тэрнээс биш Үндсэн хууль баталсны 100 жилийн ой, үндэстнээрээ тэмдэглэдэг  баярын өдрөөр талбай дээр очиж жагсахыг уриалах нь хаанахын турхиралт бол гэсэн эргэлзээ тээнгэлзээ төрүүлээд байгаа юм.

   Ардчиллын ачаар бид үг хэлж, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах тэмцэх эрхтэй болсон. Гэвч сүүлийн үед тэмцлийн энэ хэлбэрт итгэх итгэлийг зохион байгуулалттай бүлэглэл хувь хүмүүсийн турхиралтаар үнэ хөлстэй хийдэг болсон нь нийтэд ил болсон нь харамсалтай. Үзэл бодлоо илэрхийлэх тэмцлийн чухал хэлбэрийг ингэж үнэ цэнгүй болгож байгаа нь ардчилал руу довтолж буй хэлбэр. Тиймээс үйл явдлыг дэвэргэж, зохион байгуулалттай, үнэ хөлстэй, тодорхой зорилготой жагсаал цуглаан уу, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж жагсаж байна уу гэдгийг ялгаж салгаж, тун гярхай байх шаардлага тулгарч байна.  

    Улс орны нөхцөл байдал, хүндхэн асуудлуудаар түрий барьж, аврагчийн дүрд орж ард иргэдийг турхирвал бид тэр “хорон санаа”-ны хэрэгсэл нь болохгүй байж гэмээнэ л дархлаатай ард түмнээр тоглож болохгүйгээ тэд ойлгох болно.

                                                                               Д.Хүслэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах