Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг Монгол Улсад албадан авчирчээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 2 иргэнийг энэ оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Тайланд болон Швед улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тайланд улсаас албадан авчирсан этгээд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус улсад ижил төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, эдэлж дуусмагц Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ийнхүү албадан авчирсан байна.
Мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Швед улсаас тухайн өдөр тус тус албадан авчирсан.
Тус иргэдийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаад харилцааны яам болон Тайландын Хаант Улс болон Шведийн Хаант Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран зохион байгууллаа хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх