ХЗБХ: Хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.09) хуралдаан 14 цаг 17 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн юм.
Төсвийн төсөлд зардлыг бууруулахдаа дараах зарчмыг баримталжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулаагүй байна. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Түүнчлэн гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулахаар тусгасныг Сангийн сайд нэгбүрчлэн дурдав. Тухайлбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг хассан байна.
Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг бүрэн хассан гэлээ.
Мөн эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулсан байна.
Эдгээрээс гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг тус тус 10 хувиар бууруулахаар төсөлд тусгажээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслүүдийг яаралтай дуусгах нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн Б.Жавхлан сайд төслийн танилцуулгадаа онцоллоо. Харин гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна.
Мөн гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулахаар төсөлд тусгажээ.
“Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусган нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцжээ.
Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай болохоор байгааг Сангийн сайд танилцуулав.
Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулав. Аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн гэдгийг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг дараах байдлаар төлөвлөжээ. 2025 төсөвт төвлөрүүлэх орлогыг Хууль зүй, дотоод хэргийн сайд 81.2 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 0.5 тэрбум төгрөг, нийтдээ 81.7 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Ирэх оны төсвийн төсөлд зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд 1,758.1 тэрбум төгрөг, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 31.9 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 339.9 тэрбум төгрөг, Шүүхийн сахилгын хорооны дарга 6.5 тэрбум төгрөг, Улсын ерөнхий прокурор 157.9 тэрбум төгрөг, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 14.9 тэрбум төгрөг, Авлигатай тэмцэх газрын дарга 56.9 тэрбум төгрөг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга 1.3 тэрбум төгрөг, нийт 2,367.4 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.
Энэ нь өмнөх 2025 оны суурь төсвөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын зардлыг 77.6 тэрбум төгрөгөөр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын зардлыг 0.7 тэрбум төгрөгөөр, Авлигатай тэмцэх газрын даргын зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийг 20.2 тэрбум төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны даргын төсвийг 0.1 тэрбум төгрөгөөр, Улсын ерөнхий прокурорын төсвийг 12.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт дүнгээр 48.2 тэрбум төгрөгөөр бууруулсан хэмээн Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулав.
Ирэх оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн хэдий ч анхаарах ёстой асуудлууд бий хэмээгээд тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан.
Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцохыг сануулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгааг дүгнэлтэд дурдсан юм. Цахим систем болон ТЭЗҮ боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож, үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөө үзүүлж байгаа гэлээ. Төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай ч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсгэж байгааг аудитын дүгнэлтэд дурдсан байна. Төрийн үйлчилгээг цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатай гэжээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх зохицуулалт нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байгаа аж.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар нар Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, хууль сахиулах байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусгасан эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Цагдаа, шүүх шинжилгээний алба хамгийн их дотоод томилолттой байдаг, маш их бичиг цаасны ажилтай. Гэтэл дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг механикаар 50 хувиар бууруулахаар байна. Орон тооны асуудал ч хөндөгдөж байна. Засгийн газрын тогтоолоор ус хангамжийн эх үүсвэрүүдийг хамгаалах үүрэг хүлээсэн. Харин бидэнд хүний нөөц, төсөв байхгүй. Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр 19, дүүргүүдэд сэтгэлзүйч 8, 3 орон тоотой эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн орон тоог 9 болгох гээд бүр хасаж, танасаар зайлшгүй хэрэгцээтэй байгаа эдгээр орон тоог тусгасан байсан ч хасахаар болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч сард буюу ажлын 20-21 хоногт 270 гүйцэтгэх хуудсыг шийдвэрлэх болж байна. Орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Хорихоос төрлийн өөр ял эдэлж байгаа 350 хүнийг 1 шийдвэр гүйцэтгэгч хянаж байна. Нэг хүн гүйцэтгэх боломжгүй ачаалал. Энэ бүхэн эргээд хүний эрхийн зөрчил үүсэх суурь шалтгаан болдог. Хүний эрхийг хангах үйл ажиллагаанд голчлон оролцдог хууль сахиулах байгууллагуудын зардлыг танаснаар үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэж байна” хэмээлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга гишүүдийн тодруулсны дагуу түрээсийн зардалтай холбоотой асуултад хариулт өгсөн бол Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар орон тоотой холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. Сангийн сайдын зүгээс төсвийн төслийн төлөвлөлтийн хүрээнд аливаа төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ доголдох нөхцөл үүсэх ёсгүй гэдэг тайлбарыг хийж байв. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зардлыг бууруулсан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь заалтын хэрэгжилтийг хангах, төсвийн төлөвлөлтийг эрэмбэлэх бололцоотой эсэх асуудлаар гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэллээ. Улсын төсөв нь хүний эрхийг хангах бодлогын баримт бичиг учраас боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагуудын төсвийг танахгүй байх зарчмын талаар П.Сайнзориг гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах байгууллагуудын танаж болох, огт танаж болохгүй зардлуудын талаар санал хэлсэн. Төсвийг алдагдалгүй батлах зорилгыг хангахдаа судалгаа, үндэслэлгүйгээр Сангийн яамны түвшинд тэгшитгэн, механик таналт хийж төслийг боловсруулсан нь олон сөрөг үр дагавар гаргахаар байгааг гишүүд тэмдэглээд, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг доголдолгүй байх асуудлыг Байнгын хороо тусгайлан анхаарч, ажиллах нь зүйтэй хэмээж байв. Ингээд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулахаар хуралдаанаа түр завсарлаад, үргэлжлүүлэн хуралдсан. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалан явуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн үзэв. Үргэлжлүүлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасангүй. Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулаад, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтож, хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл үлдээх