Цэс Close

Италийн нэгэн хот иргэдээ өвчин тусахыг хоригложээ

Италийн өмнөд хэсэгт орших нэгэн жижиг хотын дарга "Өвчлөхийг хориглоно" гэсэн ер бусын мэдэгдэл гаргажээ.

Калабриа мужийн өмнөд бүс дэх нутгийн Белкастро хотын оршин суугчдад "эмнэлгийн тусламж, ялангуяа яаралтай тусламж шаардлагатай аливаа өвчин, бэртэл авахаас зайлсхийхийг тушаав" гэсэн захирамжийг тус хотын дарга Антонио Торчиа гаргажээ.

Торчиа орон нутгийн телевизэд хэлэхдээ "Бид (тогтоолыг) бага зэрэг инээдэмтэйгээр хүлээж авч байгаа" боловч энэ нь хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг онцлох зорилготой юм.

1,300 орчим хүн амтай Белкастро хотын тал орчим нь өндөр настан байдаг ч амралтын болон бүх нийтээр амардаг өдрүүд эсвэл ажлын цаг дууссан үеэр дуудлагын эмч нар ажилдаггүй учир эрүүл мэндийн төв нь ихэвчлэн хаалттай байдаг  гэж хотын дарга хэлсэн байна.

Тиймээс ойролцоох эрүүл мэндийн төвүүд тодорхой үеүдэд хаагдахад, хамгийн ойрын түргэн тусламжийн газар нь Катанзаро хотоос 45 км (28 миль) зайд байрладаг нь хотын даргыг "урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзэхэд хүргэсэн." гэж тэрбээр тайлбарласан юм.

Хотын дарга захирамждаа “Эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй үйлдэл гаргахгүй байх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх”, “Гэрээсээ ойр ойрхон гарахгүй байх, байнга аялал зугаалгаар явахгүй байх, спортоор зарим үед л хичээллэх, дийлэнх хугацаанд амарч байх.”-ыг уриалжээ.

Уг захирамж хэрхэн хэрэгжих, эсэх нь одоогоор тодорхойгүй.

Энэ тушаал нь бүс нутгийн эрх баригчид болон эрүүл мэндийн ажилтнуудад энэ тулгамдаад буй асуудлыг сануулах зорилго мөн агуулсан. Тус хотын эрүүл мэндийн төвийг тогтмол ажиллуулах хүртэл уг захирамж хүчин төгөлдөр байх болно гэж тус хотын дарга байр сууриа илэрхийлжээ.

Хүн ам сийрэг суурьшсан Калабри муж нь Италийн хамгийн ядуу бүсүүдийн нэг ба цөлжилтөд өртсөн учир өндөр боловсролтой хүмүүс болон залуучууд нь мужаасаа нүүх нь түгээмэл байгаа аж.

Зарим хотууд хүн амын бууралтаа шийдэхийн тулд, тухайн хотод амьдрахаар нүүж ирвэл тодорхой хэмжээний мөнгө олгох саналыг ч гэсэн гаргаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах