Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Багануур” ХК-нд ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. “Хөх” нүүрс төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцтэй орны нэг. Манай Улс ойролцоогоор 170 гаруй тэрбум тонны хүрэн нүүрсний нөөцтэйгөөс 20.3 тэрбум нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байна. Түүнчлэн Багануурын уурхайн хүрэн нүүрсний нөөц 700 сая гаруй тонн гэсэн судалгаа гарсан. Тиймээс Засгийн газрын 14 мега төслийн нэг “Хөх нүүрс” төслийг Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр болжээ. “Багануур” ХК нь Төмөр зам, Авто зам, Дулаан, Эрчим хүч гэх мэт дэд бүтэц сайтай, жилд 5-5.5 сая метр куб ус шүүрүүлдэг, усны асуудлаа бүрэн шийдсэн давуу талтай учраас Монгол Улсын Засгийн газраас Хөх нүүрс төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
“Багануур” ХК нь 2025 онд Хөх нүүрс үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрсний нөөцийг бэлтгэж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Энэ төслийг 2024-2027 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхэд 190 сая америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм. “Эрдэнэс Монгол” ХХК “Хөх нүүрс” төслийг бүрэн санхүүжүүлэхээр ажиллаж байна. Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна гэсэн тооцоо гарчээ. Мөн гэр хорооллын айлуудаас гарах агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Хөх нүүрс төсөл хэрэгжиж эхэлснээр цаашид нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэх мэт олон давуу талтайг мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа. Мөн Багануур дүүрэгт 2000 гаруй ажлын байр бий болно.
“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлэх “Багануур” ХК өнгөрсөн 2024 онд 4.9 сая тонн нүүрс борлуулж, 1.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Олон жил алдагдалтай ажилласан Багануурын уурхай өнгөрсөн жил ийнхүү түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан жил болжээ. Энэ онд Багануур ХК дулааны цахилгаан станцуудад 4.8 сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх