ЗӨВЛӨГӨӨ: Гэрийнхээ тогийг хэмнэх хялбар аргууд
Цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж 30 хувиар нэмэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хэрхэн эрчим хүчээ ухаалгаар зохицуулан санхүүгээ хэмнэх нь бидэнд хэрэгцээтэй болоод байна. Зөвхөн мөнгө, санхүүгийн асуудал гэлтгүй агаарын бохирдол, дэлхийн дулааралтай тэмцэхэд ч хамааралтай асуудал юм. Тиймээс хэрхэн энгийн үйлдэлээр эрчим хүчээ хэмнэх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
- Тог ашигладаг бүх хэрэгслээ унтраах эсвэл салгах
Энэ нь зөвхөн өрөөнөөсөө гарах үедээ гэрлээ унтраах явдал биш юм. Телевиз, компьютер, видео тоглоомны гар, кабел, дижитал видео бичигч зэрэг хэрэгслийг ашиглахгүй байгаа үедээ салгах хэрэгтэй. Мөн зарим цахилгаан хэрэгсэлийг унтраасан ч бүрэн салгагдаагүй байдгаас шалтгаалан эрчим хүч ашигласаар байдаг. Жишээлбэл: Утас, таблетны цэнэглэгч болон утасгүй цэнэглэгчээр ямар нэг электрон хэрэгслээ цэнэглээгүй байсан ч эрчим хүчний 7-25 хувийг зарцуулж байдаг учир бүрэн унтраасан эсэхээ нягтлах нь тог хэмнэх нөхцөл болох юм.
- Ухаалаг гэрлийн чийдэн худалдаж авах
Хэрэв та гэртээ энгийн гэрлийн чийдэн ашигладаг бол LED гэрлийн чийдэнгээр солихыг зөвлөж байна. LED гэрэл нь энгийн гэрлээс 85 хүртэлх хувиар бага эрчим хүч зарцуулдаг бөгөөд янз бүрийн хэлбэр, өнгөний сонголттой. Түүгээр ч зогсохгүй удаан хугацаанд ашиглах боломжтой, өөрөөр хэлбэл эдэлгээ удаантай.
- Сэргээгдэх эрчим хүчийг сонго
Хэрэв та эрчим хүчний нийлүүлэгчээ өөрөө сонгох боломжтой бол нар, салхи, нөлөө багатай усан цахилгаан станц, газрын гүний дулаан гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сонго. Зарим улсад тодорхой цахилгаан нийлүүлэгч хэрэглэхийн оронд цахилгааны төлбөртөө бага хэмжээний шимтгэл төлж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих боломжтой байдаг байна.
- Угаалга хийхдээ бага эрчим хүч ашиглах тал дээр анхаарах
Аяга угаагч машин ашигладаг бол бохир аягаар машинаа дүүргэхээс нааш ажлуулахгүй байх. Түүнээс гадна угаалгын машинаар хэт бохирдсон хувцас угаахаас бусдаар хүйтэн усыг хувцас угаахдаа ашиглах нь зүйтэй бөгөөд хувцсаа бөөндүүлэн долоо хоногт нэг удаа угаахыг эрмэлзээрэй. Мөн хувцас хатаагч эрчим хүч маш ихээр ашигладаг тул хувцсаа өлгөж хатаахыг илүүд үзэх нь ухаалаг хэрэг болно.
- Цонх, хаалгандаа дулаалга хийх
Өвөл болон зуны улиралд халаалт болон хөргүүр ашиглах нь олонтаа байдаг. Монголын нөхцөлд бол ихэнхдээ зун хөргүүр хэрэглэхээс илүү өвлийн турш халаалт ашигладаг. Зарим байшин цонх, хаалганаасаа дулаан алддаг тул хэт их эрчим хүчээр халаалт ашиглах талтай. Тиймээс хаанаас дулаан алдаж байгааг сайтар шалгаж үзээд тэдгээр жижиг цоорхойнуудыг дулаалгын тусламжтайгаар бөглөх нь халаалт бага ашиглан санхүүгээ хэмнэх шалтгаан болно.
Эх сурвалж: Energy Saving Trust, NRDC
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх