Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2025/02/Чингэлтэй-дүүрэгт-өдрийн-цагаар-хог-хаяхыг-хоригложээ-.png)
Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо.
Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины иш, бусад хог хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт нэгдэж зөрчил гаргаж буй иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэж хариуцлагатай хандах хэрэгтэй. Тиймээс олон нийтийн газар ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв.
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг хогийг ялгаж хаях дадалд багаас нь сургах, зориулалтын саванд хог хаяж хэвшүүлэх тал дээр сургалт, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгааг мөн онцоллоо. Ташрамд сонирхуулахад, 14 хоногийн өмнө дээрх менежментийг Чингэлтэй дүүрэг анх хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ.
Сэтгэгдэл үлдээх