Цэс Close

БНХАУ-ын болон Иран улсын иргэд олон сар хууль бусаар оршин сууж байжээ

Тээврийн прокурорын газраас Гадаадын иргэн харьяатын газрын агаарын замын боомт хариуцсан газраас шалгаж, шийдвэрлэсэн “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар судалжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд он гарснаас хойш “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих” нийт 209 зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Тухайлбал, БНХАУ-ын 2 иргэн визний хугацааг 108 хоног хэтрүүлсэн, Иран Улсын 1 иргэн оршин суух зөвшөөрөлгүйгээр 223 хоног хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилд тус иргэдийг болон тэдгээрийн визний хугацааг хэтрүүлсэн аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хэтрүүлсэн хоног тутамд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль тус тус оногдуулсан байна.

Монгол Улсад ирсэн гадаадын иргэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчлүүд зонхилон үйлдэгдэж байна. Дээрх зөрчлийн гарч буй шалтгаан нь урьж буй иргэн, хуулийн этгээдээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх” үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой бөгөөд илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 3 хуулийн этгээдэд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Гадаад улсын иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд торгуулах, албадан гаргах, дахин нэвтрэх эрхээ хасуулах зэрэг хариуцлага тооцдог. Иймд гадаад улсын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь холбогдох зөвшөөрөл, баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж, Гадаадын иргэн харьяатын газрын “www.isf.mn” цахим хаягаар хүсэлтээ гаргаж, зохих үйлчилгээг авснаар дээрх зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Тээврийн прокурорын газраас мэдээлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах