Бизнесийн орчинд тулгардаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд МҮХАҮТ, ЗГХХГ хамтран ажиллана

Судалгаагаар 2024 оны хүнд суртлын индекс 2.85-д хүрч, 2021 оноос 4.8%-иар сайжирсан ч 2018 оны түвшинд хүрээгүй байна. Төрийн үйлчилгээний хүнд суртлын үнэлгээ 3.10 гарч, бүртгэл (2.99), зөвшөөрлийн үйлчилгээ (3.01) хамгийн хүндрэлтэй хэвээр байгаа нь анхаарах сэдэв байлаа. Бизнес эрхлэгчид нэг үйлчилгээг авахдаа дунджаар 12 хоног зарцуулж, 65% нь ижил мэдээллийг олон байгууллагад дахин өгдөг байна.
Хуралдааны үеэр МҮХАҮТ болон ЗГХХГ бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, давхардлыг бууруулах, мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, цахимжилтыг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох, бичил болон жижиг бизнесийн хүнд суртлыг бууруулах бодит арга хэмжээг хэрэгжүүлэхээр талууд онцлон тэмдэглэлээ.
ЗГХХГ болон МҮХАҮТ-ын хамтын ажиллагаа нь хувийн хэвшлийн дуу хоолойг бодлогын түвшинд тусгах, төр-хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх