Д.Батмөнх: COP17-г зохион байгуулснаар Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) манай улсад ирэх оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Иймд COP17-г Монголд зохион байгуулах нь бидэнд ямар ач холбогдолтой, хэр зэрэг давуу талтай талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд та НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь ямар үүрэгтэй болох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ган, цөлжилт, газрын доройтлыг чухалчлан хэлэлцдэг цор ганц олон талт гэрээ болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцыг 1994 онд баталсан байдаг. Манай улс уг конвенцод 1996 онд нэгдэн орсон. Энэхүү хурлыг эл конвенцод нэгдэн орсон 197 улсын Засгийн газар, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил зэрэг сонирхсон бусад төлөөллийн хамт хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. НҮБ-ын эл конвенц нь улс орон, ард иргэдэд газар болон усны нөөцийг тогтвортой ашиглан хамгаалах, хадгалан үлдээхэд дэмжлэг үзүүлэх замаар бүх нийтийн сайн сайхан амьдралыг баталгаажуулахаар зорьдгоороо онцлогтой юм.
-Манай улс COP17-г зохион байгуулах нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
-Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй манай орон дангаараа, зөвхөн өөрсдийн хөрөнгөөр тэмцэх боломжгүй. Тиймээс бид НҮБ-тай хамтран энэхүү хурлыг зохион байгуулж буй юм. Ингэснээр урт хугацааны бодлогын санаачилгаа олон улсад танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын чанартай төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэнэ. Мөн Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлж, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой.
Түүнчлэн эл хурлыг хөгжингүй бус, хөгжиж байгаа улсад түлхүү зохион байгуулдгаараа онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх юм. Хуралд оролцох хүмүүс бүгд өөрсдийн зардлаар ирнэ. Манай Засгийн газраас тэдний зардлыг даахгүй гэсэн үг. Тэгэхээр зочид буудал, байр, хоолноос эхлээд орлого олох боломж арвин гэж ойлгож болно.
Үнэн хэрэгтээ уг хурлыг зохион байгуулахад хөрөнгө мөнгө, байшин сав байхад л болчихно шүү дээ. Харин энэ хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь зүйтэй юм.
-Уг хурлаар зөвхөн байгаль орчин бус, худалдаа, эдийн засгийн асуудлыг ч хөнддөг шүү дээ. Энэ нь манай улсын эдийн засагт ямар ашиг тустай байх бол?
-Тухайлбал, Кот д’Ивуар Улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх “Африкийн ногоон бүс” хэмээх санаачилгыг 2022 онд хэрэгжүүлж, 2.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн. Мөн Саудын Арабад ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэлийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр санаачлан 12.1 тэрбум орчим ам.доллар олсон. Тэгэхээр бид Саудын Араб шиг их биш ч Кот д’Ивуарын хэмжээнд хөрөнгө босгох боломжтой.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс уг хуралд “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн зочдыг хөдөөгүүр аялуулах маршрут, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоол, хүнс зэргээс орлого олж болно. Ингэж дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнест өгөөжтэй байдлаар зохион байгуулснаар бэлтгэл ажилд гаргасан зардлын 50-иас илүү хувийг эх орондоо үлдээх юм.
Хурлын байгууламжийг цэнхэр болон ногоон гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байхаар шийднэ. Дээрх бүсүүдэд олон улсын байгууллагууд, дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэнд павильон талбай түрээслүүлнэ. Ингэхдээ тухайн павильоны тохижилтыг дотоодын компаниудаар хийлгэнэ. Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайжаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбайг түрээсэлснээр цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1, ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 64.1 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.
Мөн НҮБ-тай “Bussines for land” буюу дотоодын аж ахуйн нэгжүүдийн төслийг санхүүжүүлж болно. Bankable буюу гадаадаас шууд хөрөнгө оруулалт босгох төслийг хамгийн багадаа 3-5 сая ам.доллароор бичдэг. Гэтэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд 10-15 тэрбумаар зөвхөн төсөл бичүүлэх компани бараг байхгүй. Гэхдээ сайн санал, санаачилга бол олон бий. Тиймээс бид эхний ээлжид bankable болгох хэмжээний мөнгийг нь босгож өгье гэж байгаа. Хэрэв бэлэн төсөлтэй компани байвал хөрөнгө оруулахад нь зуучилж өгөх юм.
-Энэ удаагийн хуралд ойролцоогоор хэд орчим төлөөлөгч оролцох бол?
-Кот д’Ивуар Улсын Абижан хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 15 дугаар бага хуралд 7000 орчим хүн оролцсон. Үүнийг харьцангуй бага хүн оролцсон хурал гэж үздэг юм билээ. Харин Саудын Арабын Эр-Риадад болсон бага хуралд 20 мянга орчим хүн оролцсон гэдэг. Тэгэхээр дор хаяж 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Учир нь бид улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс чамгүй авч хэрэглэж байгаа. Тиймээс аль болох олон хүн оролцох тусмаа сайн.
-Манай орны газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн гэдэг. Тэгвэл энэ хурлыг зохион байгуулснаар цөлжилттэй тэмцэхэд ямар бодит ахиц, үр дүн гарах вэ?
-Ер нь энэ хурлыг аль нэг нам, эсвэл дан ганц Засгийн газар хийх ямар ч боломжгүй. Тиймээс бид хамтарч ажиллах нь чухал. Үүнд улс төржих ямар ч шаардлагагүй. Энэ хурлаар бид цөлжилттэй хэрхэн тэмцэх талаар санаачилга гаргана. Ингэхдээ бидэнтэй ижил асуудалтай улсуудтай хамтран сан босгож, шаардлагатай төслүүдээ хэрэгжүүлнэ.
Манай улс “Бэлчээрийн шүхэр” санаачилгыг дэвшүүлээд байгаа. Үүнд бэлчээртэй холбоотой бүхий л асуудлаа тусгаж өгсөн. Мөн усны хомсдолын талаар ч хөндөж байна. Уг нь газрын доройтлын тухай хурал учраас усны асуудлыг өмнө нь төдийлөн хөнддөггүй байж. Ер нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн зэвсэг бол мод тарих юм билээ. Уг нь манай орон Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” аяныг өрнүүлж, одоогоор 70 орчим сая мод тарьчхаад байгаа. Гэвч эл аяныг үргэлжлүүлье гэхээр усны хомсдолоос эхлээд олон асуудал тулгарна.
-Уг хурлыг зохион байгуулах барилга байгууламжийг дотоодын бус, гадаадын байгууллагаар хэтэрхий өндөр үнээр хийлгэж байна гэх хүн цөөнгүй юм билээ.
-Цөлжилттэй тэмцэх талуудын бага хурлыг зохион байгуулах тодорхой стандарт шаардлага гэж бий. Бүхий л зүйлийг НҮБ-ын стандартад нийцүүлэх шаардлагатай юм билээ. Үүнийг гэрээнд нэгд нэгэнгүй тусгасан байдаг. Тухайлбал, тийм загварын, ийм хүчин чадалтай агааржуулагч, компьютер суурилуулна гэх мэт бүгдийг нь нарийвчлан заасан. Хэрэв болдог бол бид дотоодын компаниудаараа л хийлгэнэ шүү дээ. Хэдийгээр НҮБ-тай гэрээтэй байгууллагууд үүнд оролцох ч дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой.
-COP17-г Монголд зохион байгуулна гээд төсөв мөнгө яриад эхлэхээр зарим хүн улс төржүүлээд байх шиг.
-Миний хувьд үүнийг бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Хэрэв манайх дангаараа эл хурлыг зохион байгуулбал 150 орны Засгийн газрын гишүүд болон төлөөлөгчдийг авчрах боломжгүй. Тэр хэмжээний хөрөнгө мөнгө бидэнд байхгүй. Харин үүнийг НҮБ бидэнд авчирч өгч байгаа юм. НҮБ-тай хамтарна гэдэг дэлхийтэй хамтран ажиллаж байна гэсэн үг. Бид нэгэнт тус байгууллагатай гэрээлж, энэ хурлыг зохион байгуулахаар болсноос хойш ингэж талцахын оронд хэрхэн эх орондоо үр өгөөжтэй байдлаар явуулах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Бусад нь дараагийн асуудал шүү дээ.
-Уг хурлыг зохион байгуулах барилга, байгууламжийн ажил өдгөө хэр урагштай үргэлжилж байна вэ?
-Талуудын бага хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт, бидний хэлж заншсанаар шинэ 100 айл орчимд зохион байгуулах юм. Холбогдох техникийн нөхцөл, ерөнхий төлөвлөлт, загвар зургууд бол шат дараатайгаар батлагдаад явж байна. Дэд бүтцийн ажил хийгдэж өдгөө 80-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа. Харин үндсэн угсралтын ажлыг ирэх оны III-VI сард хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Хурал, хэлэлцээрийг нэгэн зэрэг зохион байгуулдаг учраас 2-3 минутын дотор очихуйц богино зайд байгууламжуудаа байршуулах учиртай. Энэхүү байгууламжийн 80 орчим хувь нь угсардаг хийц, бүтээцтэй. Тиймээс богино хугацаанд угсарч, бас буулгаж болно. Мөн дахин ашиглах боломжтойгоороо онцлогтой.
Энэхүү байгууламжийн цэнхэр бүсийг НҮБ хариуцах бөгөөд тус байгууллагаас олгосон мандаттай хүмүүс л дотогш орно. Харин ногоон бүс нь конвенцод нэгдсэн 197 орны зочид төлөөлөгчид төдийгүй иргэдэд ч нээлттэй. Төр, хувийн хэвшилд хөрөнгө оруулалтыг татах, ногоон инновацыг хэрэгжүүлж буй компаниуд өөрсдийн төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулах хэсэг юм.
-Эдгээр барилга, байгууламжийг дараа нь хэрхэн ашиглах боломжтой талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Энэхүү хурлыг өмнө зохион байгуулсан улсууд угсарсан байгууламжуудаа тухайн бүс нутагт болдог томоохон экспо, арга хэмжээгээ зохион байгуулахад ашигладаг юм билээ. Мөн газар хөдлөлт зэрэг гамшиг, ослын үеэр хорогдох байр болгон ашиглаж болно.
-Хурал болох байгууламжийг ундны усны эх үүсвэр дээр барьсан гэх хүн олон юм билээ. Энэ үнэн үү?
-Бидний зохион байгуулж буй арга хэмжээ хамгаалалтын бүсээс гаднах талбайд болно. Сул хэсэгт нь барилга байгууламжаа барина гэсэн үг. Харин хурлын дараа тухайн хэсэгт нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Мөн бид байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн. Улмаар хоёр жилийн хугацаанд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан.
Сэтгэгдэл үлдээх