Цэс Close

ЗГХХГ: Төрийн өмчит компаниудад эрсдэлийн удирдлагын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжиж ажиллана

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, эрсдэлд суурилсан дотоод хяналт, аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр (2025.09.29) “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар тус компаниас нэгдлийн бүрэлдэхүүн компаниудынхаа эрсдэлийг бүртгэх, үнэлэх, удирдах зорилгоор хэрэгжүүлж буй “Эрсдэлийн мэдээллийн бүртгэл” нэгдсэн сангийн үйл ажиллагааг танилцуулж, эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах арга туршлагаа хуваалцсан юм.

Мөн энэхүү систем нь байгууллагын үйл ажиллагаанд тулгарч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, ангилах, үнэлэх, бууруулах арга хэмжээг оновчтой төлөвлөх, удирдлагын шийдвэр гаргалтыг бодит мэдээлэлд тулгуурлан дэмжих чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд дөрвөн зорилт тусгагдсан бөгөөд эдгээр зорилтын хэрэгжилтийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар ханган ажиллаж байна хэмээн Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах