Дональд Трамп: Уулзалт цуцлагдсан ч бид дахин хэлэлцээний ширээний ард сууна гэдэгт итгэлтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийхээр төлөвлөж байсан дээд хэмжээний уулзалтаа цуцласан. Энэ талаар Д.Трамп дипломат харилцаанд ахиц дэвшил гарахгүй байгаагаас гадна одоогоор цаг нь тохиромжгүй байна хэмээн Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тайлбарласан юм.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Бидний уулзалт нэг л зөв санагдаагүй. Энэхүү уулзалтаар ямар нэг шийдэлд хүрэхгүй юм шиг надад санагдсан. Тиймээс би энэ уулзалтаа цуцалсан, гэхдээ бид уулзалтаа удахгүй хийх болно." хэмээжээ.
Уулзалт хэлэлцээ гацсанд сэтгэл дундуур байгаа ч "В.Путин бид хоёрын хооронд сайхан яриа өрнөдөг ч энэ яриа ямар нэг шийдэл, гарц гаргалгаанд огт хүрдэггүй" хэмээн тэрбээр нэмж хэлэв.
Украйн дахь цэргийн ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан Москвад шахалт үзүүлэхээр Оросын нефтийн экспортод чиглэсэн шинэ хориг арга хэмжээг Цагаан ордон зарласнаар дээд хэмжээний уулзалт цуцлагдсан юм. Энэ арга хэмжээ түр зуурынх байна гэж найдаж байгаагаа Трамп хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх