ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ: Би ч бас буруутай

Гэр бүлийн хүчирхийлэл... Эр эмийн хоорондын асуудал, ханиа “цагдаад барьж өгөх нь” монгол хүний ёс суртахуунд таарахгүй гэдэг ойлголт одоо ч бидний сэтгэхүйд бат оршсоор.. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй аймшигт хэргүүд нийгмийг цочроож буй ч ийм үйлдлийн хохирогч болсон арван хүн тутмын 9 нь нуудаг гэсэн судалгаа бий. Эхнэр рүүгээ гар далайхдаа ирээдүй болсон үрсийнхээ хиртээгүй сэтгэл, цаашдын амьдралд нь ч хар сүүдэр татуулж буйгаа олон хүн ухаардаггүй. Хүчирхийллийн хохирогч бүсгүйн би ч бас буруутай гэж бичсэн нэгэн захидлыг дэлгэе.
“Сэтгэл санаа, бие махбодиор мэдэрсэн бүхнийг минь нэг ч болов хүн бүү туулаасай гэсэндээ үүнийг бичиж сууна. Арваад жилийн өмнө салсан нөхөртэйгээ саяхан эмнэлэг дээр нүүр туллаа. Уулзъя гэхэд нь дандаа л зугтдаг байсан ч охин маань гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн тэр орой зэрэгцэн суугаад хамтдаа залбиран хүлээсэн. Хөгширчээ, ааг омог нь ч багассан бололтой. Тэвчихгүй болтол минь зовоосон хар өдрүүд бий ч хүүхэд байхаасаа хөтлөлцөн гүйсээр нэг гэрт орж, хүү, охиноо хамт өлгийдөж, сайн муугаа хуваалцан арван хэдэн жил амьдарсны хувьд түүнийг бараг л уучилсан байсан юм. Салсныхаа дараа намайг зовоосныхоо шанг хүртээсэй гэж боддог байлаа. Гэхдээ цаг хугацаа бүхнийг өөрчилдөг юм билээ.
Харин тэр орой дахиад л дотор бачуурч түүнд, бас өөртөө ч гомдсон. Охин минь найз залуудаа зодуулаад эмнэлгийн орон дээр.. Энэ бүхний буруутан нь зэрэгцэн суугаад бие бие рүүгээ цөхрөнгүй ширтэх бид хоёр гэх бодол голыг минь гогодож, дэмий л нулимс асгаруулсан.
Бид ахлах ангиасаа үерхэж, сургууль төгсөөд удалгүй нэг гэрт орсон юм. Нөхөр маань олон охин хүүхэдтэй айлын ганц хүү, сэтгэл нь цагаан ч дураараа, хартай. Хайртай бол хартай гээд л алхуулж гишгүүлдэггүй байв. Эхлээд муудалцаж өөрийнхөөрөө байх гэж үзээд сүүлдээ ч хэрүүл хийхгүйн тулд үгэнд нь орох болсон. Хамт явж байхад таньдаг эрэгтэй хүн таарвал би шууд зугтана. Хэрүүл үүсэх вий гэж айгаад тэр.
Анагаахын дээдэд орох гээд оноо дутаж, бага эмчийн мэргэжил эзэмшсэн юм. Амьдралаа би болгочихно, ийм бага цалинтай ажил хийснээс гэртээ байвал дээр биш үү, эсвэл хувийн бизнес хий л дээ гэж нөхөр ятгасан ч миний амьдралдаа түүнээс зөрж чадсан ганц зүйл мэргэжлээрээ ажилд орсон минь л байсан. Их эмч болохоор шалгалт өгөөд тэнцсэн ч тэр дахиж сурахыг минь дэмжээгүй, тэгээд л хүслээ орхисон доо.
Эмч, ажилтнууд, бүр өвчтөнүүдтэй ч хардаж, хэрүүл хийнэ, байнга л я... гэж харааж, муусайн хүүхнүүд гэнэ. Хэрүүл хийсний маргааш би ямар ч хүчгүй болж орхидог байлаа. Ямар сайндаа хамт ажилладаг найз маань чи гэрэлтсэн охин орж ирсэнсэн, сүнс сүлд чинь яачихав аа, бие чинь зүгээр үү гэж байх вэ дээ. Хүмүүсийн нүдэн дээр чухам сайн нөхөр, халамжлаад л босож суухаа асуугаад л эелдэг гэж жигтэйхэн.
Ээж, аав нь бололцоотой, өөрөө ч дээд сургуулиа төгсөөд л бизнес эрхэлсэн учир бидэнд эдийн засгийн хувьд дутагдах юм байгаагүй. Хадмуудтай хамт амьдардаг байхад гайгүй байснаа тусдаа гармагц ууж эхэллээ. Согтуудаа харааж доромжлоод зогсохгүй хааяа гар хүрдэг болов. Тэр болгондоо уучлал гуйна, би ч бас үнэхээр надад хайртай, архи л уухгүй бол сайн хүн гэж боддог байлаа.
Нөхөр ч ганц удаагийн явдал, хайртай, миний буруу гээд уучлалт гуйсанд нь итгэсэн ч даанч худлаа байсан даа. Сүүлдээ бүр цагаандаа гарч, яадаг юм, би л амьдралыг чинь авч явж байна, ядуу зүдүү чамтай хамт байгаа нь их юм гэж агсардаг болсон. Архи уугаад ирэхээрээ догшин, шууд цохиод авна. Эрүүл болохоороо уучлал гуйхаар нь бас итгэнэ, горьдоно. Яагаад ч юм тэр өөрчлөгдөж, нэг л өдөр амьдрал минь сайхан болно гэж байнга л итгэдэг байлаа. Ганц сайхан үгэнд нь баярлана. Эргээд бодоход байнгын түгшүүр, айдастай учраас дахиж тэгэхгүй гэдэг үгийг хүлээдэг, түүнээ сонсоод итгэж, сэтгэлээ хуурдаг байж дээ. Эхлээд хүүхдүүдээсээ нуудаг байснаа сүүлдээ халамцуудаа хажууд нь шууд цохиод авдаг болсон. Хүүхдүүд ч аав нь согтуу ирэхэд шууд л хаалга хаагаад орондоо ороод хэвтчихнэ. Зодуураас халшраад салъя гэж бодсон ч би жирэмсэлчихсэн. Одоо би засарна, хоёулаа шинэ хүүхдээ сайхан хүлээж авна гэж хэлсэнд нь итгэсэн ч бас л худлаа байсан. Зодуулаад ураг зулбасан.
Гэмтэлд хэвтэж эмчлүүлэхдээ зодуулснаа нуусаан. Ээж, дотно найз хоёртоо л хэлэхэд харин энэ удаад сал гэж зөвлөсөн юм. Ийм айхтар юм болдгийг яагаад нуусан юм гэцгээсэн л дээ. Урьд нь хэлэхэд та нар салж хэрэггүй гээ биз дээ гээд дэмий л баахан уйлж билээ.
Битгий салаач, одоо дахиж зовоохгүй, ёстой ухаарлаа, үр хүүхдээ бодъё гэж тэр гуйсан ч энэ удаад би эргээгүй юм. Гэмтээчихсэн учраас цагдаа сэргийлэхээс айсан уу, эсвэл энэ хаа холдох вэ, явах газаргүй гэж бодсон уу, бүр үгүй бол өөр хүүхэнтэй байсан учраас ч тэр юм уу хэсэг гуйгаад зөнд минь орхисон.
Найзынхаа нэг өрөөнд түр амьдарч, эхний сар өдөр болгон л уйлдаг байлаа. Цаашид яаж амьдрах вэ, хүүхдүүдээ хэрхэн тэжээх вэ гэж бодохоор яагаад ч чадахгүй юм шиг санагдана. Амар байгаагүй ээ, бүр буцаад очдог юм билүү гэж ч бодсон. Гэвч зодоод алчихвал гэдэг айдас хөлийг минь тушсан юм. Олдсон ажил бүрийг сайн муу гэлгүй хийсэн, хүүхдүүдээ тэжээхийн тулд... Гэхдээ нөхөр надтай биш ч хүүхдүүдтэйгээ хааяа уулздаг, мөнгө өгдөг байсан.
Найз маань шинэ ажил эхэлж, чи чадна аа гэж ятгасаар хамтраад наймаа хийлээ. Хэцүү байсан, гэхдээ хичээвэл болдог юм билээ. Сэтгэлээсээ зүтгэснийх овойж оцойтол олоогүй ч амьдралаа аваад явахтайгаа болсон. Хүүхдүүд минь ч сургууль төгсөж, ажилд орж, цалин авч эхэлсэн.
Ижий аав нь зовоосон ч ч хүү, охин маань сайн хүмүүс болж төлөвшсөн, сайхан ч мэргэжил эзэмшсэн. Охин маань их сэргэлэн цовоо, нээлттэй зантай, гадаадад магистр хамгаалсан, боловсрол өндөр.
Өмнө нь ч зовоож байсныг охин минь тас нуусан байсан.
Гэр бүлээ хадгалж үлдвэл хүүхдүүд минь зовохгүй гэж шүд зуухдаа зөвхөн өөрийгөө зовоогоод зогсохгүй, охиноо хүчирхийллийг хүлээн зөвшөөрөгч болгосноо тэгэхэд л ухаарсан юм. Охинтойгоо олон зүйлийн талаар ярилцдаггүй байж. Аймшигт явдлын дараа дотоод сэтгэлээ нээн зөндөө зүйлийг ярьж, уйлалдсан. Хамгийн өрөвдмөөр намайг охин маань хамгийн мундаг ээж гэж дуурайдаг байсан нь “аймаар”.
Охин минь хүчирхийлэгчээс харилцаагаа тасалсан, түүнийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Амьдрал цаг хугацаатай, бас үргэлжлэлтэй.
Амаргүй түүхээ хуваалцсан эмэгтэйтэй ижил зүйлийг туулагсад олон. Бид хүчирхийлэгчээ л тойрон пүү паа гээд байдаг. Гэтэл үнэндээ хохирогч төвтэй хандлагаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь хамгийн үр дүнтэй арга болохыг эрдэмтэд нотолжээ. Хохирогчийн байнгын айдас түгшүүр нь зан үйлийн эрх чөлөө, “би”-гээ алдах, гээхэд хүргэж, болохгүй зүйлийг хязгаарлаж чадахгүй болгодог, энэ нь хүчирхийлэгчийг улам өөгшүүлдэг. Харин хил хязгаараа тогтоож чадвал маш их зүйл өөрчлөгддөг. Стокгольмын хам шинж гэж бий. Аюултай нөхцөл байдалд орж, сэтгэл зүй нь цочролд орсон үед гэмтний гаргасан зарим нэг өгөөмөр байдалд талархаж, улмаар татагдан тэдний талд орох сэтгэцийн эмгэгийг ийнхүү нэрлэдэг. Хохирогчид өөрсдийгөө буруутган, хүчирхийллийн тойрогт орсноо мэдэхгүй, хуулийн байгууллагад хандахгүй тэр харилцаандаа үлддэг нь улам даамжрах нөхцөлийг бүрдүүлдэг. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дунд гэр бүл салах вий гэсэн айдас хамгийн өндөр буюу 50 хувьтай байна. Гэтэл хүчирхийлэлд өссөн хүүхдүүд өсөж томроод хүчирхийлэгч, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгч хохирогч болох нь маш түгээмэл. Ил харагдахгүй ч далд ухамсарт бүрэлдэн байгаа зүйлийг бид хүүхэд ахуйд нь мэдэх боломжгүй. Иргэдийн дийлэнх нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийллийн аль нэг, эсвэл хоёр, гуравд нь ямар нэг хэмжээгээр өртөж байсан, 75 шахам хувь нь зохих байгууллагад хандаагүй гэжээ. Та хүчирхийллийн хохирогч атлаа хайр сэтгэл, гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэх гэдэг зүйлээр өөрийгөө хууран тэвчсээр байгаа юм биш биз.
Би ч буруутай, эртхэн зогсоох минь яав даа гэж хожим нь гэмшихгүйн тулд өөрийгөө ч, үр хүүхдийнхээ ирээдүйг ч хамгаалахын тулд өөрчлөлтийн төлөө алхам хийгээрэй. Та чадна.
Эх сурвалж: Family Center
Сэтгэгдэл үлдээх