Ц.Баянзул: Иргэдийн буруу хэрэглээ бохирын системд ачаалал үүсгэж байна

Хэрэглэгчээс гарч байгаа бохир усанд агуулагдах хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор ХУД-ийн зарим байршилд хэрэглээний усыг түр хугацаагаар хязгаарлах болсон. Уг асуудалтай холбогдуулан Ус сувгийн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ц.Баянзултай ярилцлаа.
-Төв цэвэрлэх байгууламж жилд хэчнээн хэмжээний лаг, шавар, хог бохирдлыг цэвэрлэж, зайлуулдаг вэ?
Ус сувгийн удирдах газар нь нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагыг стандартын шаардлага хангасан цэвэр усаар найдвартай хангахын зэрэгцээ, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлж байна.
Эх үүсвэрүүдээс бид өдөрт дунджаар 190-200 мянган м³ орчим цэвэр усыг эх үүсвэрээс нь түгээж, 190 мянган м³ бохир усыг Төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч цэвэрлэдэг. Энэ үйл явцын хүрээнд өдөр бүр ойролцоогоор 1.4 тонн (1400 кг) ахуйн хатуу хог хаягдал, лаг, шаврыг цэвэрлэн, зайлуулдаг.
Гэвч сүүлийн үед хэрэглэгчдээс ирж буй бохир усанд агуулагдах хатуу хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдсэн. Үүний улмаас Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа алдагдаж, улмаар зарим төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарах эрсдэл бий болсон. Тухайлбал, Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолойд хатуу хог хаягдал ихээр хуримтлагдаж, насосны ажиллагаа доголдсон тул бохир ус хүлээн авах санг цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага үүссэн. Үүний улмаас Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 23, 24 дүгээр хороодын хэрэглэгчдийн хэрэглээний усыг 2025 оны арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн түр хугацаанд хязгаарлаж, засвар, цэвэрлэгээний ажил хийхээр болсон.
-Хатуу хог хаягдал гэж яг юуг хэлээд байна вэ. Энэ төрлийн асуудал зөвхөн Яармаг орчимд үүсээд байна уу, эсвэл нийслэлийн хэмжээнд нийтлэг асуудал болж байна уу?
Хатуу хог хаягдал гэдэг нь иргэдийн ахуйн хэрэглээнээс гарч, бохирын шугамд орж буй нойлын цаас, нойтон салфетка, үсний сэв, хоолны үлдэгдэл, амны хаалт, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл зэрэг усанд уусдаггүй, шүүгддэггүй зүйлсийг хэлж байгаа юм. Эдгээр нь бохир усны системд уусахгүй, шүүгддэггүй учраас шугам хоолойг бөглөх, насос болон тоног төхөөрөмжийн ажиллагааг доголдуулах гол шалтгаан болдог.
Энэ нь зөвхөн Яармаг орчимд биш, харин нийслэлийн хэмжээнд нийтлэг ажиглагдаж буй үзэгдэл юм. Иргэдийн дийлэнх нь хэрэглэсэн ариун цэврийн цаас болон бусад хог хаягдлаа хогийн саванд хийхийн оронд шууд суултуур руу хийдэг нь гол хүндрэл үүсгэж байна.
Манай байгууллага нь бохир усны насос станц болон бусад байгууламжийн засвар үйлчилгээг графикийн дагуу тогтмол хийдэг ч энэ удаа Яармагийн 2 дугаар өргөх бохир усны насос станцад ирж байгаа хог хаягдлын хэмжээ маш их байгаагаас шалтгаалан ээлжит бус засварын ажлыг хийхээр хэрэглээний цэвэр усыг түр хугацаанд хязгаарласан.
-Шинэ Төв цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орох вэ. Шинэ байгууламж одоогийн асуудлыг шийдэхэд хэр тус болох бол?
-Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгын ажил одоогоор хийгдэж байна. Уг байгууламж нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон. Гэвч иргэдийн ахуйн хэрэглээний буруу дадал өөрчлөгдөхгүй бол, хатуу хог хаягдлаас үүдэлтэй насос, төхөөрөмжийн эвдрэл, ажиллагааны саатал дахин гарах эрсдэл хэвээр байна. Иймээс бид иргэдэд ахуйн хаягдлаа зориулалтын хогийн саванд хийх дадалд суралцаж, суултуурт живх, ариун цэврийн хэрэглэл, нойтон салфетка, хоолны үлдэгдэл зэрэг зүйл хийхгүй байхыг байнга уриалж байна.
Манай байгууллагаас цэвэрлэх байгууламжид ирж буй хатуу хог хаягдлыг бууруулах зорилгоор хэрэглэгчдийн бохир усны шугамд хөдөлгөөнт шүүр суурилуулсан. Улмаар үүнийгээ ажилчид долоо хоногт хоёр удаа гар аргаар цэвэрлэдэг. Ойролцоогоор нэг шүүрт дунджаар хоёр килограмм орчим хатуу хог хаягдал тогтсон байдаг. Энэ дотор ариун цэврийн цаас, нойтон салфетка, хоолны үлдэгдэл, амны хаалт, хүүхдийн живх гэх мэт дээр дурдсан бүх зүйл багтаж буй.
Тиймээс нийслэлийн иргэдийг соёлтой хэрэглээнд хэвшихийг уриалж, цахим хуудсаараа дамжуулан уриалга гаргаж байгаа ч харамсалтай нь үр дүн хангалттай түвшинд хүрэхгүй байна. Зарим иргэд “ариун цэврийн цаас усанд уусдаг” гэж ойлгож, шууд суултуур руу хийдэг. Энэ нь өрөөсгөл ойлголт гэдгийг хэлье.
Манайд орж ирж буй ариун цэврийн цаасны дийлэнх нь усанд уусдаггүй учир, заавал зориулалтын хогийн саванд хийх нь бохир усны системийг хэвийн байлгах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам гэдгийг уриалмаар байна.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл үлдээх