Цэс Close

Онох нь өдрийн од мэт ховор, алдах нь шөнийн од мэт элбэг

   Хэн ч анзаарагдамгүй зэвэрсэн  төмөр хаалга. Бүрэнхийд   тэр хаалгыг хоёр хүн тогшино. Хоёр удаа үргэлжилсэн чанга, гурван удаа аажуухан цохино. Бас нууц үг хэлнэ. Том биетэй эр хаалга онгойлгон зочдыг дотогш оруулав. Энэ бол хэдхэн жилийн өмнө болсон үйл явдал. Тагнуултай кино аятай нууц үг энэ тэр хэрэглэж ирээд хэн ч анзаарагдамгүй зэвэрсэн төмөр хаалга руу очихын тулд ганган байшингийн арын хашаа руу очно. Тэр хашаа эл хуль, тухайн байгууллагынх бололтой овоолсон мод, эвдэрхий төмөр зэрэг хэрэгцээнээс гарсан юм уу, хэзээ нэг цагт хэрэг болно гэж хадгалсан гэлтэй хайш яайш шидэлсэн харагдана.

   Зэвэнд идэгдсэн өнөөх гайхал төмөр хаалга руу ормогц доош хэдэн шат байх бөгөөд дахиад л нэг хаалга. Цагаан цамц, эрвээхэй зангиа зүүсэн хархүү өнөөх хаалгыг онгойлгон уриалгахан мэндчилнэ. Цааш  орвол бүдэг  гэрэл, танхим голлосон хэдэн рулетийн ширээ, эргэн тойронд дүүрэн автомат тоглоомууд. Тамхины утаа бүдэг гэрлийг улам бүүдийлгэжээ. Энд бидний мэдэх улс төр, бизнесийнхэн, урлаг соёлын одууд, олны танилууд, тэр ч бүү хэл энгийн хувцастай, хуулийн байгууллагын томоохон алба хашиж буй   эрхмүүд, өнөөх гайхал рецедив гэмт хэрэгтнүүдтэйгээ зэрэгцэн сууна. Англиар өнгө, тоо хэлэх эмэгтэй хүний уянгатай хоолой эдгээр эрхмүүдийн чихэнд хоногштол өдөр шөнөгүй хангинана.

Хэдхэн жилийн өмнө ийм дүр зургийг хаа сайгүй харж болохоор байлаа. Энэ бол автомат тоглоом ид цэцэглэж байх үеийн дүр зураг.

  Нэгэн үе мөрийтэй тоглоом, автомат тоглоомын газрууд ёстой л язганаж байлаа. Тав алхаад л тийм газартай таарна.  Бас зэрэглэлтэй гэж байгаа. Их хэмжээний мөнгөөр тоглодог олны танил хүмүүс ил цагаан тоглоод байх сонирхолгүй учраас овжин бизнес эрхлэгчид яаж зүгээр байхав. VIP үйлчилгээний газрууд нээлээ. Дээр миний дурдсан газар тийм үйлчлүүлэгчдийн очдог газар. Тусгай тогшилт, нууц үг энэ тэртэй. Үүдний хамгаалагчид нь үнэт үйлчлүүлэгчээ андахгүй. Яг тэр үедээ бол хамгийн ашигтай бизнес байлаа. Дээрх зэвтэй төмөр хаалганы цаадах тоглогчид олны хараанд өртөхгүйн тулд  ийн тагнуултай киноны хэсэгт тоглож байгаа мэт үйл явдалд оролцохоос аргагүй. Харин ил цагаан, энгийн иргэдийн ордог газарт бол айхтар хянаж шалгаад байх юмгүй. Тэр үед ийм үйл ажиллагаа явууллаа гээд хууль зөрчөөд байх юмгүй. Гэнэт л цэцэглэсэн бизнес. Мөн ид л казино энэ тэртэй болох тухай яригддаг л байсан үе.

    За тэгээд улстөрчид ч мэр сэр чуулганы хуралдааны явцад энэ талаар хэлэх болов. Хэвлэлээр ч хаа нэг мэдээлэл гарч эхлэв. Автомат тоглоомын газрууд замбараагаа алдлаа гэлцээд эхэллээ.

    За тэгээд сэтгүүлч юм хойно сониуч зан хөдлөөд нэг удаа нөгөө нууцхан газарт тэндхийн байнгын үйлчлүүлэгч нэгнийг дагаж орлоо.  Рулетийн ширээ гэх дугуй ширээ тойрон тоглогчид суух аж. Мөн тоглогчдын зарим нь хажуудаа гоо бүсгүй суулгачихна. Тэр бүсгүйчүүд хаа нэг тоо хэлж хамтрагчдаа дэм болно. Тоглогч залуу өөрийн тооцоолсон тоонуудыг хэлэхээс гадна бүсгүйн хэлсэн тоон дээр бас четоноо тавина. Хэрэв аз таарч бүсгүйн хэлсэн тоо буувал тэр бүсгүй бол од болно. Аз дуудагч гэх юм уу даа. Мэдээж ёндооноосоо бүсгүйд хүртээнэ. Эрчүүд голдуу тоглогчоос гадна бакарат зэрэг арай бага мөнгөөр тоглож болох автомат тоглоом дээр бүсгүйчүүд бие дааж тоглох нь элбэг. Ингээд сонирхож харж, сэтгүүлчийн нүдээр ажиглалт хийж байсан би ч ганц нэг тоо хэлсэн шиг. Сүүлдээ ганц нэг удаа тоглож үзлээ. Тун таалагдаж байна. Заримдаа өсөөд л, заримдаа алдаад л. Гэхдээ цалин мөнгөө өөртөө тов хийтэл зарцуулаад сурчихсан залуу бүсгүйд өдөр бүр тоглох мөнгө хэрэг болж эхлэв. Угтаа сэтгүүлчийн ажлаа хийж энэ бүхнийг сурвалжилж яваа ухаантай.  Нэлээд хэд очоод ирэхээр тоглогчид бие биенээ андахаа байна. Айхтар болгоомжлохоо ч байна. Ер нь VIP үйлчлүүлэгчид ихэнх нь олны танил хүмүүс гэдгийг өмнө хэлсэн. Тухайн үедээ нэр устай нь бичиж байлаа.  Хачирхалтай нь хуулийн байгууллагын алба ажил хашдаг дарга  нар дуулиант рецедивүүдтэй зэрэгцэн тоглож, үүнийг тухайн үеийн Эрүүгийн цагдаагийнхан бас илчилж байсан юм даг.

  Нэг өдөр тэр газар олонтаа таарсан нүдэнд дулаахан ах “Чи яагаад энд тоглоод байгаа юм. Сүүлийн үед харагдаад байх болж. Чамд гэж хэлэхэд мөрийтэй тоглоом хүний амьдралыг зүгээр л залгиж орхидог. Гарч чадахгүй. Ах нь хэдхэн жилийн өмнө өөрийн гэсэн хөөрхөн бизнестэй, орон байр, унаа тэрэгтэй, сайхан гэр бүлтэй,  бүрэн дүүрэн аз жаргалтай нэгэн байлаа. Одоо надад юу ч алга болсон. Заримдаа хожно. Хожихоор баярлана. Дандаа хожоод байх юм шиг бодно. Хожигдоод эхлэхээр алдсанаа заавал буцааж олж авах гээд улайрна. Эцэст нь юу ч үгүй болсон. Эхнэр, хүүхэд ч хаяад явсан. Бас мөрийтэй тоглоомд донтсон хүн тоглоомноосоо өөр юм ч бодохоо байдаг. Сүүлдээ зүүдэлнэ, толгойд байнга тоо эргэлдэнэ. Нэг л мэдэхэд бүхнийг залгиж орхидог” гэлээ. Өнөөх ах тэнд ирсэн бизнес эрхлэгчдийн тухай бас ярина.  Хэрхэн өөдөлж дэвжиж явснаа уруудаж байгааг нь хэлнэ.

  Хэдий редакцийн даалгавар аваагүй ч сэтгүүлчийн ажлаа хийж, эрэн сурвалжлахаар хөл тавьсан би ч нэг л мэдэхэд энэ тоглоомын ертөнцийн нэг хэсэг болонгоо алдсанаа ухаарав.  Энэ тухай ил тодоор олон нийтэд хүргэхээр шийдлээ. Олон хүн нүдэн дээр ажил амьдралаа алдаж байхад энэ талаар нэг дуугараад үзмээр байсан юм. Ингээд цуврал сурвалжлага бичиж эхэллээ. Тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Одбаяр яг энэ асуудалд анхаарал хандуулаад байж. Бичиж байгаа нийтлэл, сурвалжлагын агуулгатай санаа нийлж байгаагаа нэг өдөр утсаар ярьж хэллээ.

Төд удалгүй УИХ-аас ажлын хэсэг гарч, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд хаагдаж билээ. Мэдээж эндээс ашиг олж байсан нөхөд хэвлэлийн хурал хийж, ажил руу ирж намайг баахан заналхийлсэн юм даг. Гэвч тэр шийдвэр олон хүний амьдралыг аварсан гэдэгт итгэлтэй байдаг.

     Харамсалтай нь  цахим ертөнцөд живсэн өнөө цагт нөгөөх гайхал чинь дүрээ өөрчлөөд залуусын амьдралаар тоглож эхлэх нь тэр. Амар хялбараар мөнгө олох гэсэн залуус цахим мөрийтэй тоглоомд амьдралаа даатган хожил гэдэг хорвоогийн  наран адил гийгүүлж байх юм шиг санан дэлгэцийн ард амьдралаа үрэх болов.

 Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж эхэллээ. Цагдаагийн ерөнхий газраас аян хэрэгжүүлээд хязгаарлах арга хэмжээ авч байгаа дуулддаг.  Урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагууд хамтран энэ төрлийн зөрчлийн эсрэг арга хэмжээ авч ажиллалаа. Хэдий  хуульд тусгаж, арга хэмжээ авч ажилласнаар гэмт хэргийн тоо багаслаа ч аргаа нарийсгаад ажиллаж байгаа гэмтнүүд ч байсаар л байна.

  Амьдрал бол мөрий биш. Амьдралаа мөрийнд тавиад эцэст нь “Би хохирлоо” гэж мянга бахираад нэмэргүй. Үнэн хэрэгтээ  эд хөрөнгө, өөр олон зүйлээ алдсанаа хохирогч боллоо гэж андуурч байгаа ч  гэмт хэрэгтэн болж байгаагаа  мэдэхгүй байх нь олонтаа.  Мөрийтэй тоглож байгаа бол өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсээ нэг бол алдана, эсвэл  ононо гэдгээ мэдэж л тоглосон байж таарна. Тэгэхээр та хамгаа алдах эрсэлтэйг мэдсээр байж ийм сонголт хийсэн болохоор хэнд бурууг өгөх билээ дээ.   Харамсалтай нь мөрийтэй тоглоомд онох нь өдрийн од мэт ховор. Алдах нь шөнийн од мэт элбэг билээ. Мөрийтэй тоглоод баяжсан хүн гэж байхгүй. Байгаа бүхнээ барсан хүнийг олноор нь мэдэх юм. Дэлхийн баячууд ч байдгаа сэгсэрч явсныг эрхбиш сонсоо байлгүй. Эд хөрөнгөөс гадна гэр бүлээ, анд нөхдөө, эрүүл мэндээ  ч алддаг. Мөнгө шаналган гуйх чамаас эхний удаадаа бол тус бодон алга тэнийлгэх ч дараагийн удаа тэд зугтаж эхэлнэ. Мөрийнтэй тоглоомд толгойгоо мэдүүлсэн донтон болсон байхад хэн тийм юмтай зууралдахыг хүсэх билээ.

  Сайтар анхаарах нэг зүйлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Хууль бус ажиллагаанд арилжааны банкны дансаа ашиглуулсан бол мөн л хуулийн хариуцлага хүлээнэ. Хаа нэгтээ “Картыг чинь ашиглаад  мөнгө шилжүүлэх гээд. Минийх болдоггүй” гэх мэт гуйлга таарч байсан уу. Хэрэв та өөрийн дансаа ашиглуулах л юм бол хамсаатан болно гэдгээ сайтар санаарай.   Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд мөрийтэй болон бооцоот тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар зохицуулсан.Тэгэхээр хувийн мэдээлэлтэй дансаа ашиглуулж болохгүй.

 Хэрэв мөрийтэй тоглоомоор тоглоод үзье гэж бодож байвал түр азнаарай. Яг одоо амьдралаа үрж эхлэх гэж байна.   Азанд найдахыг тэгтлээ хүсч байвал өөр арга зам сонго.   Хөдөлмөрлөж олсон мөнгө үнэ цэнтэйгээс гадна, амттай байдаг юм. Махаа зулгааж олсон мөнгийг үрэхэд ч хайран шүү дээ. Эсрэгээрээ гэнэт олдсон юмыг үрэхэд тийм ч хайран байдаггүй. Нэг л мэдэхэд гарын салаагаар урсдаг. Эцэст нь мөрийтэй тоглоомоор баяжна гэж найдаж байгаа бол ихээ андуурч яваа юм байна. Нэгэнт мөрийтэй тоглогч болсон бол нэг удаа хожиж олсон мөнгийг чинь яг орж ирсэн замаар чинь  мөрийтэй тоглоом буцаагаад л залгих болно.   Түүнтэй учирсан бол чи аль хэдийн дууссан гэж л бод.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах