Цэс Close

Утга зохиолыг үзэх үзэл өөрчлөгдөж байна

     Дэлхийн утга зохиол нь олон улсын соёлын харилцаа, хүний тухай ойлголтыг гүнзгийрүүлж, нийгэмд үгээр нөлөөлөх хүчтэй хэрэгсэл байсаар ирсэн одоо ч байна.

      Соёлын гүүр болж, соёл хоорондын ойлголт, харилцан ойлголцлыг дэмждэг, нийгмийн өөрчлөлт, түүхэн үйл явдлыг дүрсэлж ирээдүй хойч үедээ үлдээдэг. Хүний сэтгэл зүй, ёс зүйн асуудлыг гаргаж тавьснаар хүний тухай ойлголтыг гүнзгийрүүлж ирсэн. Хэл илэрхийллийн шинэчлэл хийж, шинэ хэв маяг, техник аргыг нэвтрүүлж хэл, соёлыг баяжуулж байдаг. Энэ үүрэг одоо ч хэвээрээ байна.

Дэлхий даяар өөрийгөө зохиолч гэж тодорхойлдог хүмүүс хэдэн арван саяараа бий. Олон улсын зохиолчдын байгууллагын зарим статистикт тулгуурлаж харвал тэдний “арилжааны хэвлэлд бүтээлээ хэвлүүлсэн зохиолчид 5-10% , гадаад хэл рүү зохиол бүтээл орчуулагдсан зохиолчид 3-5%-аас доош, дэлхийн утга зохиолын анхааралд өртсөн нь 0,01% бөгөөд зохиолчдын дийлэнхи нь “нуугдмал, ил гарч чаддаггүй хөвөгч” байр суурьтай байдаг. Зохиолчийн гараа буюу дебют хийх дундаж нас 32-46 нас гэж үздэг байна.

Зохиолчдыг бүс нутгийн тархалтаар авч үзэхэд Европ, Америкт 45-50%, Зүүн Азид 20-25%, Өмнөд Азид 10-12%, Ойрхи Дорнод, Африкт 8-10%, Төв Азийн орнуудад 1% орчим гэсэн үзүүлэлттэй байна.( UNESCO Index Translationum)  Тоогоор Европ, Америк давамгайлдаг ч соёлын нөлөөлөл нь зөвхөн тоогоор хэмжигдэхгүй.

Зохиолчдын амьжиргаа, эдийн засгийн үзүүлэлт талаас харвал, олон оронд хийгдсэн бодит судалгаа уншиж үзэхэд зохиолчид дийлэнхи нь дунджаас доогуур орлоготой, үндэсний цалингийн дундаж үзүүлэлтийн 30-50%-тай тэнцэх орлоготой. Зөвхөн утга зохиолоор амьдарч чаддаг зохиолч ердөө 5% эзэлдэг ба ихэнхи нь багш, сэтгүүлч, орчуулагч, редактор гэх мэт төрийн болон хувийн хэвшилд ажил давхар хийж амьдардаг байна.

Тиймээс дэлхийн хэмжээнд зохиолч бол эдийн засгийн хувьд эмзэг бүлэг.

Утга зохиолын орчуулга дэлхийн утга зохиолын эрх мэдлийн бүтэцтэй шууд холбоотой. Жишээ нь англи хэлнээс бусад хэл рүү асар ихээр орчуулагддаг бол, бусад хэлнээс англи хэл рүү 3-5% нь орчуулагддаг цөөн хүн амтай “жижиг хэлний” гэх улс орнуудын зохиол бараг орчуулагддаггүй. Тиймээс дэлхийн зохиолч гэдэг нь дэлхийн бүх хэлний зохиолчдыг төлөөлдөггүй гэж ойлгож болох юм.

Дэлхийн орчуулгын статистикт Монголын утга зохиолын эзлэх хувь 0,1%-иас бага, гол орчуулга нь орос, англи, герман, япон хэлнээс орчуулагддаг тухай бүртгэгджээ. Мөн бодит тоо цөөн боловч тодорхой соёлын орчинд гүн гүнзгий хүлээн авалттай болохыг тэмдэглэсэн байна.

Бүс нутгаар харвал европ, хойт Америкийн бүс нутгуудад зохиолч нар мэргэжлийн уран бүтээлч байдаг, Зүүн Азид оюун санааны төлөөлөгч байдлаар, Африк, Ойрхи Дорнодод гэрч, түүх хүүрнэгч байдлаар, бусад цөөнх жижиг улс орнуудын хувьд хэл, соёлыг хадгалагч гэх мэтээр утга соёлын үүрэг өөр өөр хэв шинжтэй,  одоо ч хэвээрээ байна.

Утга зохиолын салбарын дээд шагнал Нобелийн шагнал байсаар байна. 1901 оноос хойш одоо болтол “дэлхийн шилдэг зохиолч” бус соёлын хүчний харьцааны тусгал байж ирсэн. Уг шагналын ихэнхийг Европ, хойт Америкийн зохиолч нар авч, хүн ам цөөтэй “жижиг хэлний” гэх улс орнуудын зохиолч маш цөөн, эмэгтэй зохиолчид 10%-иас доош хүртсэн үзүүлэлттэй байна. Шагнагдагсдын дундаж нас 65.

Дээрх цөөн статистикээс дүгнэлт хийхэд дэлхий даяар ихэнхи зохиолчид мартагддаг, маш цөөн зохиолч дэлхийд гарч ирдэг болох нь харагдаж байна.

Гэвч зохиолч хүний жинхэнэ нөлөө статистикт баригддаггүй. Нэг ном нэг хүний амьдралыг төдийгүй нэг улс орныг ч өөрчилж чадна. Нэг зохиолч нэг хэлийг бүтэн авч үлдэж чадна.

Монголын их яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг шүлэг” Монгол орны нэгэн үеийн газрын зургийг утга зохиолд мөнхөлж үлдээж чадсан, геополитика утга зохиолд хадгалагдаж үлдсэн амьд жишээ бидэнд байна. О. Дашбалбар, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Д.Мэнд-Ооёо, Д.Цэнджав гээд Монголын олон гайхамшигтай зохиолч бий. Маш бага магадлалтай орчинд хэл соёлоо хамгаалан, “үг үлдээхийг зорьж байгаа” хүн бол зохиолч. Иймээс зохиолчийн үнэ цэнэ бол борлуулалтаар бус, шагналаар бус, харин үлдээх соёлын ул мөрөөр хэмжигдэх ёстой.

Монголын утга зохиол статистик талаас бага үнэлэгдсэн байж болох ч дэлхийн утга зохиолын эртний сан хөмрөг талаас өндөр үнэлэгдэх өвтэй гэдгийг онцолж хэлье. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангараас харж болно. Мал аж ахуйд суурилсан аман зохиол, домог, баатарлагийн туульс, орчин үеийн утга зохиолын эх суурь болсон хэвээрээ байна. Тоо бага ч соёлын утгаараа дэлхийн утга зохиолын төвд орох бодит боломжтой, нөөцтэй, чадамжтай утга зохиол юм.

Монголын утга зохиол даян дэлхийд утга зохиолын тоон үзүүлэлтэд харагддаг байхын тулд бид цаашдаа юу хийх ёстой вэ.

Нэгдүгээрт,

Дэлхийд утга зохиолын болон зохиолчийн нөлөөллийг хэмждэг үзүүлэлтэд анхаарах ёстой болж байна. Үүнд орчуулгын тоо, дэлхийн утга зохиолын томоохон шагналууд Нобелийн шагнал, Бүүкерийн шагнал, Кафкагийн шагнал, Иерсаллимын шагнал зэрэг томоохон шагналд зохиолчдоо дэвшүүлж байх, их сургуулийн хөтөлбөрт утга зохиолын хөтөлбөр багтсан хувь хэмжээг анхаарах, олон улсад орчуулагдаж түгсэн байдал, академик судалгаа, ишлэлийн тоо хэрэгтэй байна. Хэлний хувьд орчуулгын уран зохиолын төрийн бодлоготой байх, Англи, Орос, Герман, Японы утга зохиолын орчуулгыг түлхүү анхаарах хэрэгтэй байна. Аман зохиолын өв сангийн академик орчуулга нэн шаардлагатай байна. Утга зохиолын харьцуулсан судлал, нүүдэлчний соёл судлалтай утга зохиолоо нарийн холбох шаардлагатай байна. Дэлхийн утга зохиолын антологи, багцлалд Монголын утга зохиолын шилдэг бүтээлүүдийг оруулах шаардлагатай байна.Тэгэж байж бид “дэлхийд харагддаг” болно. Дэлхийтэй Монголын утга зохиолыг холбох гэсэн аливаа санал санаачилгуудыг төрөөс дэмждэг, Соёлын Яам төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг анхаардаг баймаар байна.

Монголын утга зохиол түүх, соёлын хувьд үнэ цэнэтэй, онцгой ач холбогдолтой боловч орчин үеийн дэлхийн утга зохиолын тогтолцоонд хангалттай угсрагдаж, үнэлэгдэж чадаагүй, эргэлтэд ороогүй байна. Дэлхийд орчуулагдаж орж ирдэг утга зохиол бус дотооддоо ашиглагдаад дуусдаг утга зохиол баймааргүй байна. Үүнд л МЗЭ онцгой анхаардаг, бас хариу сөрөн тэмцдэг чадамжтай байх шаардлагатай байна.

Хоёрдугаарт,

Зохиолч бол төгс хүн биш. Төгс байх албагүй ч хариуцлагатай байх ёстой. Дараах 4 хариуцлагыг зохиолчоос шаардах нь нийтийн хэв ёс юм.

  1. Үнэний өмнө хүлээх хариуцлагатай байх. Баримтыг гуйвуулахгүй, хүний оюун санааг зориуд буруу чигт хөтлөхгүй байх. Түүхэн баримтад үнэнч байх.
  2. Үгэнд хүлээх хариуцлага бий. Үг удаан настай. Нэг үеийн алдаа дараагийн үед өв болон үлддэг.Ялгаварлан гадуурхсан үг хэллэгээс айхаа больжээ. Ухамсартай хандах соёл улам бүр алдагдаж байна.
  3. Уншигчийн өмнө хариуцлагатай байх. Уншигчийг доромжлохгүй, харин бодох орон зайг нь үлдээж байх. Зохиолч өөрөө доромжлогдохгүй байх нь боловсрол, хүмүүншил, авьяас чадвараас нь хамаарна. Оюун санааны хулгай, хялбархан дуурайлтаас эмээхээ больсон байна, энэ бол аюул.
  4. Цаг үеийн өмнө хүлээх хариуцлагатай байя. Зохиолч бол гэрч. Дуугүй байх нь хүртэл зохиолчийн байр суурь юм.

Орчин үед Web novel, mobile app, SNS-д бичсэн зохиол шууд уншигчдад хүрдэг болсон. Контентын хурдан эргэлт, уян хатан сэдэв нь авьяасгүй ч “амжилт олсон зохиолч” төрүүлж байгаа нь дэлхий нийтэд нийтлэг үзэгдэл болсон.

Одоо үед “зохиолч” гэдэг нэр нь илүү өргөн утгатай, фен клуб, борлуулалт, контентын амжилт шалгуур болж эхэллээ. Уг нь зохиолч бол ур чадвар, шүүмжлэлт үнэлгээ, бүтээлч байдал дээр тулгуурласан, нэр хүндтэй статус юм.

Иймээс зарим газар “авьяасгүй ч зохиолч болж болох” боломж илүү нээлттэй байхад  утга зохиол өндөр хөгжсөн, мэргэжлийн ёс зүйн системтэй улс орнуудад жишээ нь европын орнуудад уламжлалт шүүлт, шүүмжлэл нь авьяасгүй зохиолчийн боломжийг хязгаарласаар байна.Бидэнд энэ тал дээр анхаардаг соёл байна уу. Аль замаар нь явах вэ. МЗЭ-ийн санаачилга, хийх ажил мөн байх.

Гуравдугаарт,

Манай зохиолч нарт бурхнаас авьяас хангалттай заяасан байдаг бололтой юм. Харин бичлэгийн хэв маяг,сэдвийн гүн өргөн глобаль шинж,амьдарч байгаа цаг үе нийгмээ илтгэх чадвар буюу нийгмийн тусгал болж өөрчлөгдөх байдал, үгийн урнаар бус утгын урнаар дэлхийд уншигдах чадварыг зүлгэж гялалзуулмаар санагддаг.

Дотооддоо таашаагдахаас гадна дэлхийд таашаагддаг утга зохиолтой баймаар байна шүү дээ.

( Үргэлжлэлийг МЗЭ-ийн их чуулганд)

О.Жаргалсайхан- МЗЭ-ийн 19-р их хуралд зориулав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах