Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.
Иймд хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд салбар болон байгууллага хоорондын уялдааг хангах, бодлогын шинэчлэлийн чиглэлийн санал, зөвлөмж гаргах зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү” арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар "Технологийн хөгжил, өөрчлөлт, автоматжуулалт нь хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байна. Хиймэл оюун, дэвшилтэт технологиуд нь зарим ажлын байрыг орлохын зэрэгцээ шинэ ур чадвар шаардаж байгаа нь насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм.
Улс орнууд зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлэх ур чадварын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бүх насныханд шинэ боловсрол, ур чадвар олгох замаар хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, шилжихийг дэмжих шаардлагатай байна. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр үүсэх боломж, эрсдэлийг удирдах, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан, энэ хүрээнд Засгийн газар залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд бэлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал" гэв.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдааг сайжруулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, орлого, амьжиргааг хамгаалан, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бүтээмжийн төрөлжилтийг нэмэгдүүлснээр макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоно гэж үзэж буй.
“Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2026-2027 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталсан.
Энэхүү үйл ажиллагаа, хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, мэргэжлийн сургалт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.
Сэтгэгдэл үлдээх