ЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/57 дугаар тушаалаар энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс Цаг агаарын нөхцөлд бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг орон даяар эхлээд байна. Энэ арга хэмжээ нь угтвар чийгийг нэмэгдүүлэх, ган, хуурайшилтыг бууруулах, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжих, усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Уг ажлын хүрээнд Ховд аймгийн “Ховд бороо-1” экспедиц энэ оны гуравдугаар сарын 25-ны шөнийн 03 цаг 10 минутад Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр дэх Шураг хэмээх газарт үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Үйл ажиллагааны үр дүнд гуравдугаар сарын 26-ны өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр Ховд болон Дунд-Ус сумдын нутгаар 4.0 мм, Дарви, Чандмань сумдад 2.0 мм, харин Алтай, Дуут, Мөнххайрхан, Манхан сумдын нутгаар 0.0-0.6 мм хур тунадас оржээ.
Энэхүү ажиллагаа нь тус бүс нутагт үүлний бичил физикийн процессыг идэвхжүүлж, хур тунадас үүсэх нөхцөлийг сайжруулахад чиглэжээ.


Сэтгэгдэл үлдээх