Цэс Close

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.05.18) болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр зам, автозам, агаарын тээвэр, автотээврийн салбарт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, удаашралтай болон хүлээгдэж буй бичиг баримтын шийдвэрлэлтийг шуурхайлах чиглэлээр холбогдох удирдлагуудад үүрэг, даалгавар өглөө.

Мөн 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхэлсэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын аюулгүй байдлын шалгалтад амжилттай хамрагдсан иргэний нисэхийн салбарын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Одоо тус салбарт анхаарал хандуулж буй дараагийн чухал ажлууд буюу Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн 15 жилийн турш гацсан “цэнхэр барилга”-ын ажлын явцад анхаарал хандуулж, уг барилгыг төлөвлөсөн цаг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан энэ онд олон улсын шууд нислэг хүлээн авах зорилт тавин ажиллаж буй 4 аймаг буюу Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нисэх буудлуудын бэлтгэл ажлыг сайн хангаж, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, хил гаалийн холбогдох газруудтай хамтарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн энэ ажлын хүрээнд орон нутгийн нислэгийн төлөвлөлтөө сайжруулж, орон нутгийн нисэх онгоцны буудлыг олон улсын шууд нислэгтэй болгох гэж буй талаарх мэдээллийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхланд танилцуулан хамтран ажиллахыг иргэний нисэхийн салбарынханд сануулав.

Авто замын салбарт цаг агаарын дулаарал, хөрсний гэсэлтээс шалтгаалан олон улсын болон улсын чанартай авто замуудад эвдрэл, гэмтэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгсэл ихээр зорчдог чиглэлүүдэд хяналт шалгалт хийхийг салбарын хяналтын мэргэжилтнүүд болон Авто замын газрынханд чиглэл болголоо.

Мөн ЗТЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн удирдлагуудыг маргааш уулзаж, олон улсын болон улсын чанартай авто замын засвар арчлалтын асуудлыг хэлэлцэх, орон нутгийн АЗЗА нэгтгэлийн салбаруудыг ажилд бүрэн гаргах, үлдсэн санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, автозамчдын цалин хөлсийг олгох чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн борооны улирал эхлэх, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийг тооцоолон салбар тус бүрт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг шахуу графикаар зохион байгуулан ажиллах, зуны 3 сарын богино хугацаанд ажлаа эрчимжүүлэн шахаж ажиллах шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулав. Энэ хугацаанд ээлжийн амралт олгохгүй тул хүйтэн сэрүүний улиралд амралтаа төлөвлөж ажиллахыг сануулав.

АТҮТ-д олон улсын тээвэрлэлтэд ашиглагддаг “С” зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх, нүүрс тээврийн хэмжээг өсгөх, жолооч нарыг дэмжиж ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-д зүтгүүр худалдан авах ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэл өглөө.

ЗТЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах, албан бичгийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, шийдвэрлэлтийг түргэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (SPIEF-2026)-д манай улсаас Тэргүүн Шадар сайд оролцох бөгөөд эдийн засаг хөгжлийн яам руу тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг албан ёсоор хүргүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав.

Шуурхай хуралдаанд оролцож буй бүх удирдлагуудад 2026 оны тавдугаар сарын 25-27-ны өдрүүдэд ЗТЯ-наас Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т идэвхтэй оролцох, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах, бүтээн байгуулалтын ажлуудаа олон нийтэд нээлттэй танилцуулах, иргэд болон ААН-ийн төлөөллүүдэд зам, тээврийн салбарын мэдээллүүдийг шуурхай хүргэж ажиллахыг салбарын яам, харьяа байгууллагуудад чиглэл болгов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах