Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага

Амьдрал тэр чигтээ аялал. Аяллын сайхныг мэдрэх тусам дахин аялах хүсэл оргилно. Аялал адармаатай, аз жаргалтай, адал явдалтай. Сүүлийн үед Монголыг зорин ирэх жуулчдын тоо ихэссэн ч тэднийг олон болох тусам “Бид энэ бүхэнд бэлэн үү” гэх асуулт өөрийн эрхгүй дотроос гогддог юм. Монголчууд бид энэ салбарт алдаа, оноотойгоо урагшилж л явна. Дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбарынхантай энэ зэрэгцэх хэмжээнд хүрэхгүй байгаа ч нэгэн зүгт явж чадаж байна уу. Энэ бүхэнд үргэлж хариулт хайж, санаа чилээдгийн хувьд дэлхийн аяллын салбарын чиг хандлагын талаар эрхэм уншигч танд хүргэхээр шийдлээ.
Дэлхийн аялал жуулчлал өнөөдөр дэвшилтэт технологит суурилсан технологийн трэндүүд бий болсноор уламжлалт хэв маягаасаа нэлээд өөр болжээ. Аялагчид тайван амгалан, дайн дажингүй, үнэ өртгийн хувьд боломжийн, аяллын бүтээгдэхүүн үзвэр, үйлчилгээ ихтэй, соёлын өвөө хайрлан хамгаалсан, үүх түүхтэй, тэр дундаа байгалийн өвөрмөц онцлог тогтоцтой, аюулгүй улс орныг зорьж аялах эрэлт эрс ихсэж, дурсамж бүтээхийг илүүд үздэг болсон. НҮБ-ын хүн амын судалгааны тайланд дурдснаар дэлхийн хүн амын тоо 2024-2026 он орчимд 8.2 тэрбум хүрэх магадлалтай гэж дурдсан байдаг ба үүнээс Дэлхийн аялал жуулчлалын байгууллага буюу United Nations World Tourism Organization (UNWTO) статистикаас харахад жилд 1.3-1.5 тэрбум орчим хүн давтагдсан тоогоор гадаад аялал хийдэг аж. Үүнээс үзэхэд дэлхийн хүн амын 15 – 20 хувь нь жилдээ дор хаяж нэг удаа гадаадад аялдаг байх нь.
Аль ч улс оронд аялал жуулчлалын салбар нь бусад салбаруудтай харьцуулахад эдийн засгийн үр өгөөжөө хамгийн их өгдөг бөгөөд тухайн улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгийг солонгоруулах өндөр ач холбогдолтой байдаг. Мөн дэлхийн хүмүүсийг аз жаргалтай болгодог утаагүй үйлдвэрлэл бол аялал юм гэцгээдэг. Тийм ээ, аялал бол амралт, соёл, боловсрол, бизнес, танин мэдэхгүй зэрэг олон зорилготой. Аялал жуулчлал нь зөвхөн хувь хүний хэрэгцээг хангахаас гадна тухайн улсынхаа эдийн засгийн бүтэц, бодлого, аялал жуулчлалын хөгжлийн түвшингээс хамаарч харилцан адилгүй хувь нэмэр оруулдаг. Жишээ нь: Аялал жуулчлалын салбарын эдийн засагт эзлэх хувь нь дэлхийн улс орнуудын ДНБ-ий 9–10 орчим хувь, аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудад бол 20-40 хүртэл хувь бүрдүүлдэг гэсэн мэдээг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс (WTTC) мэдээлсэн байдаг.
Аялал жуулчлал нь зарим улсын хувьд орлогын гол эх үүсвэр болдог бол заримд нь эдийн засгийг дэмжих чухал салбарын үүрэг гүйцэтгэдэг. Мөн аялал жуулчлалын салбар нь хөдөлмөр эрхлэлтийн гол эх үүсвэр бөгөөд 2025 онд энэ салбар нь дэлхий даяар нийт 366 сая ажлын байр бий болгосон нь ойролцоогоор 9 ажлын байрны нэгтэй тэнцэж байгаа буюу шинээр ажилд орсон гурван хүн тутмын 1 нь энэ салбарт хамаарсан байна. Эх сурвалж: https://wttc.org/research/economic-impact
Мөн дэлхийн хамгийн ядуу орнуудын заримд ажлын байр бий болгодог томоохон ажил олгогч ч гэж үздэг.
EIR (Economic Impact Report) тайланд дурдсанаар аялал жуулчлалын салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2022-2032 оны хооронд жилд дунджаар 5.8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт болох 2.7 хувиас давж байна. Үүний үр дүнд аялал жуулчлалын салбарын нийт хэмжээ 14.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийн эдийн засгийн 11.3 хувийг бүрдүүлэхээр байна гэж Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс (WTTC) мэдээлжээ.
Ингээд харахад аялал жуулчлалын салбар нь гадаадын валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, соёлын солилцоог дэмждэг, бүс нутгийн хөгжлийг хурдасгахад хөшүүрэг болдог ба бүх салбаруудтай уялдаа холбоотойгоос гадна орчин үеийн дэлхийн эдийн засгийн чухал салбаруудын нэг гэдэг нь ойлгогдож байгаа биз ээ.
Сүүлийн жилүүдэд ч дэлхийн аялал жуулчлалын салбар эрчимтэй сэргэж, шинэ чиг хандлагууд тодорхой болж байна. Ковид-19 цар тахлаас шалтгаалан тэг зогсолт хийж байсан бол сүүлийн жилүүдийн эрчимтэй сэргэлт нь аяллын тоо хэмжээг нэмэгдүүлэхээс гадна жуулчдын зан төлөв, сонирхол, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, сонголтыг эрс өөрчилж байгааг харж болно. Үүнд:
- Салбарын сэргэлт ба өсөлт
ДАЖБ–ын сүүлийн үеийн (UNWTO) мэдээллээр:
- Олон улсын жуулчдын ирэлт (хоноглон байрласан жуулчид) 2025 онд дөрвөн хувиар өссөн бөгөөд дэлхийн ихэнх аяллын чиглэлүүд тогтвортой сайн үр дүн үзүүлсэн байна.
- 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 1.52 тэрбум олон улсын жуулчид бүртгэгдсэн нь 2024 оноос бараг 60 саяар илүү үзүүлэлтэй гарсан байна.
- Дэлхийн аялал жуулчлалын орлого 2025 онд 1.9 их наяд ам.долларт хүрч, 2024 оноос 5 хувиар өссөн байна.
Эх сурвалж: https://www.untourism.int/un-tourism-world-tourism-barometer-data?utm_source=chatgpt.com
Энэ нь аялал жуулчлал дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч хэвээр байгааг харуулж байна.
2025 оны эхний есөн сарын байдлаар хамгийн өндөр хувьтай жуулчин хүлээн авсан орноор Бразил (+45 хувь, 2024 онтой харьцуулахад), Вьетнам болон Египет (+21 хувь), Этиоп болон Япон (+18 хувь) зэрэг орнууд байсан бол Өмнөд Африк 17 хувийн өсөлттэй, Шри Ланка болон Монгол Улс хоёулаа 16 хувь, Марокко улс 14 хувийн өсөлттэйгээр жуулчин хүлээн авсан байна. Үүнээс үзэхэд эдгээр улс орнуудын аялал жуулчлалын үзүүлэлт 2019 оныхтой харьцулахад аль хэдийнээ өссөн харагдаж байна.
- Дижитал шилжилт ба инновацид суурилсан хөгжил
Орчин үеийн аялал жуулчлал технологийн хурдацтай хөгжилтэй салшгүй холбоотой. Google, Trip, Agoda болон Airbnb, Booking.com-ийн судалгаагаар:
- Аялагчдын 70 хувь нь онлайн орчинд мэдээлэл хайж шийдвэр гаргадаг
- 60 гаруй хувь нь гар утсаар аяллын захиалга хийдэг
- AI болон chatbot хиймэл оюун ухаанд суурилсан аяллын зөвлөмжийн хэрэглээ өдрөөс өдөр ирэх тусам тогтмол өсөж байна.
Энэхүү чиг хандлага нь мэдээллийн ил тод байдал, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын зэрэгцээ зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хандлагатай байна.
- Тогтвортой аялал жуулчлал
Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй, утаагүй, тогтвортой аялал жуулчлалын бодлогын төвд шилжиж байна. Booking.com Sustainable Travel Report–оос харахад:
Аялагчдын дийлэнх буюу 76 хувь нь байгальд ээлтэй аялал хийх сонирхолтой ба 40 гаруй хувь нь нүүрстөрөгчийн ул мөр (carbon neutral/ carbon footprint) багатай үйлчилгээ сонгодог.
Энэ нь аялал жуулчлалын салбар зөвхөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна экологийн хариуцлагыг чухалчлах шаардлагатайг илтгэж байна.
- Аялал жуучлалын Ази тив дэх өсөлт
2030 он гэхэд дэлхийн жуулчидын хамгийн өсөлттэй бүс нь Ази-Номхон далайн бүс (Asia - Pacific) гэж ДАЖБ-аас (UNWTO) таамагласан байдаг.
- Сүүлийн жилүүдэд хүн ам олонтой Энэтхэг, Хятадын групп аялагчдын тоо асар ихээр нэмэгдэж байна. Дэлхийн ОУ-ын жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ ч гэж үздэг. Үүнд:
Ази, Зүүн Өмнөд Ази, Зүүн Хойд Азийн орнууд хамаарна.
- Яагаад Азийн орон өсөх вэ? гэвэл үүнд:
-Хятадын дундаж давхарга өсөж байгаа
-Визний хөнгөлөлт нөлөөлнө
-Хямд нислэг (Low cost airline) нэмэгдэж байгаа
-Тайланд, Вьетнам зэрэг орнууд жуулчдын урсгалыг асар их татна гэж үзэж байгаа.
- Мөн 2030 он гэхэд Зүүн Хойд Азийг аялал жуулчлалын томоохон бүс болно гэсэн урьдчилсан прогноз ДАЖБ-аас (UNWTO) ‘’Tourism Toward 2030’’ судалгаагаар гаргасан байдаг. Үүнд:
- Хятад
- Япон
- Солонгосыг жуулчид түлхүү сонирхоно.
- Ажиллангаа аялж амрах (Working Holiday)
Ковид-19 цар тахлын дараа ихэвчлэн 35 нас хүртэлх насны залуус ажил хийх (сайн дурын ажил хийх), фермерт ажиллах, ресторан кофе шопт ажиллах, аялангаа алжаал тайлах, тухайн орны соёлтой танилцах эрэлт ихссэн учраас дэлхий нийтэд “Digital nomad visa” энэ төрлийн визийг хэд хэдэн оронд олгодог. Одоогоор ихэвчлэн Австрали, Канад, Герман, Шинэ Зеланд, Солонгос, Япон зэрэг орнууд энэ төрлийн виз олгож байгаа. Хэл сурах, туршлага хуримтлуулах, мөнгө олох, ажил хийх, аялах зэрэг олон давуу талтай ч бас сөрөг тал бий.
- Туршлагад суурилсан аялал (Experience – based travel)
Энэ төрлийн аялал нь жуулчдад зүгээр нэг газраас нөгөө газар зорьж очоод зураг аваад явах биш тухайн орон нутгийнхаа ахуй, соёл, хоол, хүмүүсийн өдөр тутмын ажил, амьдралтай танилцах, өөрөө мэдэрч үзэх аяллын төрөл. “Slow travel” буюу удаан хугацаагаар нэг газар цаг зарцуулж аялах хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Иймээс өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө таньж мэдэх зорилготой, real life -ыг мэдрэхийг хүссэн хүмүүс энэ төрлийн аяллыг сонирхохоос гадна адал явдалт аялал энэхүү аяллын төрөлд хамаардаг. Адал явдалт аялал нь энгийн амралтаас илүүтэй шинэ зүйл турших, эрсдэл өндөртэй, туршлага шаардсан comfort zone – оос гарч өөртөө итгэх итгэлийг (confident) нэмэгдүүлж маш хүчтэй дурсамж үлдээж чаддаг аяллын төрөл. Үүнд: уулын спорт, хаданд авиралт, урт замын дугуйн аялал, далайд шумбах, рафтинг хийх, майхантай олон хоногийн аялал хийх зэрэг нь ордог. Адал явдалт аялал жил ирэх тусам 10 – 15% өсөж байгаа. Цаашид ч өсөх хандлагатай.
Дүгнэлт
Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг харахад аялал жуулчлалын салбар нь зөвхөн тоон өсөлтөөс гадна чанарын шинэ шатанд шилжиж цахим хэрэглээний өсөлтийг дагаад хүмүүсийн сэтгэгцийн ядаргаа нэмэгдсэнээр хүн хоорондын харилцааны тал дээр асар их өөрчлөлт гарч байгаа ба нийгмийн харилцаа хайж буй хүмүүст амьдралын бодит байдал түлхүү эрэлттэй болж шинэ газар аялаж, шинэ найз нөхөдтэй болох аялагчдын тэр бүр зорьж очдоггүй улс оронд аялах трэнд цаашид ч эрэлттэй байх нь тод харагдаж байна. Иймээс дэвшилтэт технологи, тогтвортой байдал, хувь хүний туршилагад суурилсан аялал жуулчлал нь хүн хоорондын харилцааг нэмэгдүүлэхээс гадна өөрийгөө олж таних, шинэ зүйл суралцах зэрэг нь аялагчдыг аз жаргалтай болгохоос гадна ирээдүйн аяллын гол чиглэл болж байна.
Б.Саруул
Сэтгэгдэл үлдээх