Цэс Close

COP17 тун удахгүй

Энэ  жил улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгах нэгэн том үйл явдал Монголд болно. Энэ бол Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцийн хурал буюу COP17. COP17 манай улсын  хувьд маш том “сурталчилгаа” болно. Ирсэн болгон өөрийн дүнгээ тавиад Монголын тухай ярина гэж итгэж байна. Монгол Улс ч энэ том хурлыг зохион байгуулах гэж хаа сайгүй л ажил өрнөж байна.  Ирсэн гийчиндээ   элэгсэг ханддаг монгол ёсон. Хэдийгээр цөлжилтөд нэрвэгдэж байгаа ч Д.Нацагдоржийн шүлэглэсэн шиг “Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон”.  Гайхамшигт эх нутаг минь үзэсгэлэн гоогоороо бахдуулсаар үеийн үед орших болтугай.

СOP17-ын үеэр газар, цөлжилт, бэлчээрийн асуудал хамгийн их яригдана. Тийм ч учраас хурал зохион байгуулахыг хүссэн улсуудаас цөлжилтөд асар их нэрвэгдсэн манайхыг сонгосон ч биз. Дэлхий даяараа Монголын зүг анхаарал хандуулна. Мэдээж ганц Монгол Улсын цөлжилтийн асуудалд анхааралд хандуулаад зогсохгүй,  дэлхий дахины асуудлыг ярих ч зохион байгуулагч орон давуу эрх эдлэх дүүрэн боломж бий. Дэлхийн дээд түвшний удирдагчид, байгаль орчны чиглэлээр шийдвэр гаргадаг сайд, дарга нар, олон улсын байгууллагынхан  ирэх учир нөхцөл байдлаа сайхан дэлгэж яриад санхүүжилт татмаар байна.

Дэлхийн 197 орны удирдагч, сайд нар, эрдэмтэд, байгаль орчны чиглэлийнхэн, хувийн хэвшлийнхэн гээд нийт 10 мянган хүн Монголд цуглана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд арав гаруй хоногийн турш үргэлжлэх хуралд Монголын иргэн бүр цахимаар бүрдүүлээд орох боломжтой. Үг, саналаа чөлөөтэй хэлж болно. Байгаль эхээ дээдэлдэг бүх монгол хүнд нээлттэй.

Ногоон эдийн засаг гэж юу вэ, тэрэнд яагаад бүгд хөрөнгө оруулаад байна вэ. Нэг л агаар мандалтай нэг л дэлхийтэй учир бусдад хөрөнгө оруулах нь өөрсдөд нь ч хэрэгтэй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгодог болжээ. Эзэн орны хувьд онгон дагшин байгаль минь яаж эвдэж сүйдсэнийг харуулангаа тусламж, хөрөнгө оруулалт авах боломж бидэнд байна. Эцэст нь бид байгалиа ч хамгаалж, хөрөнгө оруулалттай ч болж чадна.

Дэлхий нийтийн анхаарлыг эх орны минь зүг татах COP17 хурал болох өдөр ойртсоор.  Бэлтгэлээ сайн хийж, зохион байгуулалт сайн байж, ард нь гарвал үр өгөөжийг нь ч хүртэж, байгаль ээжээ баярлуулах юм шүү.

Манай улсын нийт нутгийн 76.9 хувь нь цөлжсөн. Хүний буруутай ажиллагаанаас шалтгаалахаас гадна дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт ч энэ цөлжилтөд нөлөөлж буй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг улс, орнууд хамтран тэмцэж эхлээд олон жил өнгөрчээ. Гэлээ ч байдал дээрдэхгүй харин ч улам дордсоор байгаа юм. Энэ бол аюулын дохио.

Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлд багагүй хөрөнгө зарж, энэ чиглэлийн сайхан санал санаачилга, хүчин чармайлтад санхүүжилт өгч байна. Олон төсөл хэрэгжүүлж байна.

COP17-г  ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хурлын зохион байгуулалтад зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Тэд  манайд ирж ажиллаад бага хурлын бэлтгэл ажилтай танилцаад явсан.   Саудын Арабад болсон  COP16 зохион байгуулалт сайтай болж, тэр хэрээрээ үр дүн сайн гарсан гэдэг.

Байгалийн хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн мөхөс ч гэлээ дэлхийн дулаарлыг бууруулах, цөлжилтийг багасгах, шар шороон шуургыг устгах, газар нутгаа доройтлоос аврах, бэлчээрээ хамгаалахыг хичээсээр л байна.

COP17-ын бэлтгэл ид дундаа явж байна. Бүтээн байгуулалт ч өрнөж байгаа. Хөрөнгө оруулалт татах, эдийн засагт  өгөөжтэй байх, ирсэн зочдоо багтааж шингээх зочид буудлаас эхлээд тав тухтай байлгах ажил ундарч байна. Дээр нь энэ үед болох хурлын үр дүн ямар байх нь юу юунаас илүү чухал. Энэ бүхнийг зөвхөн төр засагт үүрэгдэх төдийгүй иргэн бүр санаа тавих хэрэгтэй болох биз ээ.

Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Нэрээ бодно шүү, хэдүүлээ. Төр засгаа шүүмжлэх тал дээр мэргэжлийн түвшинд хүрч байгаа ч дэлхийн улс орнуудын өмнө улсынхаа нэрийг бодож, эв эетэй, хичээл зүтгэлтэй байцгаая.

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад минь дэлхийн улс орон анхаарлаа хандуулах COP17 талуудын бага хурал Монголд минь болох нь чухал юм шүү.

COP-ын гурван төрлийн хурлын нэг болох Цөлжилттэй тэмцэх асуудлаар хуралдах  COP17 зохион байгуулагдаж байгаа нь ач холбогдлын хувьд өргөн цар хүрээтэй.   Тухайн улсдаа өгөөжөө өгдөг бөгөөд бизнес аялал жуулчлалын хувьд том хөрөнгө оруулалт болдог.  Энэ нь хувийн хэвшлийнхэнд бол том олз юм. Ёстой л сүйхээтэй зарим нь суусан газраасаа шороо атгахаар ухаалаг ажиллаж болно.  Дэлхийн дээд хэмжээний удирдагчид ирдэг учир Засгийн газар бодлогоо танилцуулах ч боломж  олдоно. Бид хэр сүйхээтэй байна, тэрнээс их зүйл шалтгаална.   Нийт газар нутгийн гуравны хоёр хувь нь цөлжилтөд өртөөд байгаа манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн бусад эрсдлийг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын анхаарлыг өөрийн зүгт  хандуулах том алхам. Боломж үргэлж байдаггүй ч боломжийг атгаад авах, жинхэнэ утгаар нь ашиглаж чадсан нь л хожно.

О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах