Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа /2026.06.20/ албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов.
Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 3-нд монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн төслийг гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Засгийн газрын энэ шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн хэрэг огтоос биш юм. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр ил тод хариуцлагатай, илүү бодит өгөөж үлдэцтэй байх үндсэн зарчим, үндэсний эрх ашгаа баримтлах ёстой. Баялгийнхаа үнэ цэн, иргэндээ хүртээх үр өгөөжийг өсгөн нэмэхийн тулд уул уурхай, олборлох салбарт хариуцлагатай, ил тод сайн засаглал тогтоох тухай олон жилийн дуусаагүй яриаг дуусгах ажил өнөөдөр эхэлж байна гэдгийг онцоллоо.
Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай нэгэн зэрэг, энэ цаг мөчид “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэ бол Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдралд хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын бэлтгэлээ базаах эхлэл. Хариуцлагатай уул уурхайг дэмжих, олон улсын ESG стандарт, ил тод засаглал болон байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх нь салбарын цаашдын хөгжлийн суурь болно гэлээ.

Бортээгийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт дараах бодит үр өгөөж гарна. Үүнд:
Ордын хүчин чадал: Тус орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Төсвийн орлого: Эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэнэ.

Дотоодын хөрөнгө оруулалт: Үндэсний компаниудтай хамтран олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үлдэнэ.
Ажлын байр: Говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуульд заасан үндсэн зарчим, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, Бортээгийн ордын үнэ цэнийг өсгөж, иргэдийн ашиг орлого, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.
Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэлж буй нь 2012 онд 2.5 сая иргэнд 1,072 хувьцаа эзэмшүүлж байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэд, орон нутгийн хөгжилд бодитоор үлдээх төрийн бодлогын шууд үргэлжлэл юм. Ингэснээр тус орд нь үндэсний чадавх, эдийн засгийн өгөөж, хариуцлагатай уул уурхайн шинэ жишгийг нэгтгэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл болж байна.


Сэтгэгдэл үлдээх