Монгол , Францын Өмгөөлөгчдийн холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Францын Парис хотноо ажиллах үеэрээ Парисын Өмгөөлөгчдийн холбоонд айлчилж, хоёр байгууллагын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаараа уулзаж ярилцжээ.
Уулзалтад Парисын Өмгөөлөгчдийн холбооны Олон улсын харилцааны газрын захирал Антуан Рипо (Antoine Ripaud), Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Олон улсын комиссын дарга Рафаэль Дана (Raphaël Dana) нар оролцсон байна.
Парисын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр байгууллагын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэлээ. Тэд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой цаашид бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров болон Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх нар энэ үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.
Тухайлбал, Парисын Өмгөөлөгчдийн холбоо Монголын өмгөөллийн тогтолцооны талаар судалгаа, дүгнэлт гаргаж, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийг сэргээх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг дахин бэхжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулсныг талархан дурдсан байна.
Хариуд нь Парисын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид өмгөөлөгчийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хамгаалах асуудал нь дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйл болохыг тэмдэглээд цаашид шаардлагатай тохиолдолд судалгаа, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгээ илэрхийлжээ.
Уулзалтын үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд өмгөөлөгчдийн үргэлжилсэн сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах, цахим болон танхимын сургалтууд хэрэгжүүлэх, олон улсын хэмжээний семинар, форум, хэлэлцүүлэгт харилцан оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар санал нэгдэцгээжээ.
Түүнчлэн залуу өмгөөлөгчид болон туршлагатай өмгөөлөгчдийн мэргэжлийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, тодорхой хугацаанд харилцан ажиллуулах туршлага хуримтлуулах боломжийг судлахаар болов. Энэхүү хамтын ажиллагаа нь өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, олон улсын туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Мөн хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, өмгөөллийн тогтолцооны хөгжил, хууль зүйн боловсрол, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.
Парисын Өмгөөлөгчдийн холбооны зүгээс Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бүх чиглэлийн талаар санал боловсруулж, харилцан хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг хүргүүлэхээр болсон бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд хууль дээдлэх ёс, хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдлыг хамгаалах нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, мэргэжлийн туршлага солилцох, сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
Энэхүү уулзалт нь Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Парисын Өмгөөлөгчдийн холбооны олон жилийн найрсаг харилцааг бататгаж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сэтгэгдэл үлдээх