Доктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээ

АНУ-ын Вашингтон хотноо болсон National Geographic Society-ийн “Explorers Festival 2026”-д Зэрлэг амьтан судлалын төвийн үүсгэн байгуулагч, доктор Б.Нямбаяр болон бусад төлөөлөл оролцсон. Энэ үеэр 2026 оны “Wayfinder Award” шагналын эздийг зарласан бөгөөд Монгол Улсаас тус зэрэглэлд анх удаа доктор Б.Нямбаяр шагнал хүртлээ.


“Wayfinder Award” нь шинжлэх ухаан, байгаль хамгаалал, боловсролын салбарт манлайлан ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийг алдаршуулдаг National Geographic Society-ийн нэр хүндтэй шагнал юм. Энэ жил 140 гаруй орны 300 гаруй судлаач, эрдэмтэн, байгаль хамгаалагч, гэрэл зурагчин оролцсон. Шинжлэх ухаан, байгаль хамгаалал, боловсрол, олон нийтийн хөгжлийн чиглэлээр манлайлан ажиллаж, тогтвортой ирээдүйг цогцлоох үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж буй 15 манлайлагчийг шалгаруулсан байна.
Доктор Б.Нямбаяр нь Монгол орны шувууд болон ховордсон зэрлэг амьтдын судалгаа, хамгааллын чиглэлээр хорь гаруй жил тасралтгүй ажиллаж, шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллыг хөгжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Түүний санаачилж, удирдсан судалгаа болон хамгааллын хөтөлбөрүүд нь дэлхийн хэмжээнд ач холбогдолтой буйг ийнхүү үнэлжээ.
Байгаль хамгааллын чиглэлээр эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргаж буй салбарын эрдэмтнээ Байгаль орчин, уур амьсгалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, холбогдох мэргэжилтнүүд хамт хүлээн авч уулзан талархал илэрхийлэн, туршлага, мэдээлэл солилцлоо.

Сэтгэгдэл үлдээх