Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 433 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 198 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 235 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Дархан-Уул аймгийн Малын удмын сангийн үндэсний төв, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 3 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар Авлигатай тэмцэх газраас холбогдох газарт мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Иргэний эзэмшиж байгаа тариалангийн газрыг бусдад шилжүүлэхдээ цагдаагийн алба хаагчдыг оролцуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоож, Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Төлөвлөгөөт хяналтаар 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна.
