АТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээ

Хуваалцах

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т хэрэгжиж буй “Secondment program” буюу мэргэжилтэн солилцох хөтөлбөрт шалгарч, тодорхой хугацаанд тус байгууллагад ажиллахаар болжээ.

Энэхүү хөтөлбөр нь энгийнээр хэлбэл, тухайн байгууллагын мөрдөгч өөр улсын ижил чиг үүрэгтэй байгууллагад түр хугацаагаар ажиллаж, туршлага хуримтлуулах, харилцан туршлага солилцох, шинэ арга барил суралцах боломжийг олгодог олон улсын хамтын ажиллагааны хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгч Өмнөд Солонгосын прокурорын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, ингэснээр авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хулгайлагдсан хөрөнгийг мөрдөх, буцаан авах чиглэлээр ажиллаж буй туршлагаас гардан суралцах боломжийг олгодог.

БНСУ-ын Дээд Прокурорын газар нь Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө буцаан авах байгууллага хоорондын сүлжээ болох ARIN-AP /Asset Recovery Interagency-Asia Pacific/-ийн Нарийн бичгийн даргын үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах, буцаан авах чиглэлээр гишүүн улс орнуудын хамтын ажиллагааг зохицуулдаг.

АТГ энэхүү сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ARIN-AP сүлжээний даргалагч орноор хоёр удаа сонгогдон ажиллаж, Улаанбаатар хотноо олон улсын хэмжээний жил бүрийн ерөнхий хурлыг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, 2019 онд зохион байгуулагдсан ARIN-AP сүлжээний 6 дугаар ерөнхий хурлаар бүс нутаг дахь хулгайлагдсан хөрөнгийг мөрдөн илрүүлэх, хөрөнгийг буцаан авах ажиллагааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байсан бол 2025 онд болсон 10 дугаар ерөнхий хурал нь дижитал эрин үеийн санхүүгийн гэмт хэрэг, виртуал хөрөнгө болон хил дамнасан хөрөнгө буцаан авах ажиллагааны шинэ сорилт, боломжуудыг хэлэлцсэнээрээ онцлог болсон юм. Эдгээр хуралд тухай бүр ARIN-AP сүлжээний гишүүн болон ажиглагч улс орнууд, олон улсын байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгч оролцож, хөрөнгө буцаан авах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн.

АТГ-ын мөрдөгч уг хөтөлбөрт шалгарсан нь Монголын хууль сахиулах байгууллагын боловсон хүчин олон улсын түвшинд үнэлэгдэж байгаагийн нэг илрэл бөгөөд авлигатай тэмцэх, мөнгө угаах болон хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх чиглэлээр дэлхийн шилдэг туршлагыг эх орондоо нутагшуулах, гадаад улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал гэж тодорхойлж болох юм.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн