НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Хурал наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж, цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол, бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлыг хэлэлцэнэ. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлж, COP17 нь өмнөх хурлуудын шийдвэрийг давтан ярих бус, амлалтыг бодит ажил, хэмжигдэхүйц үр дүн болгох хурал байх ёстойг онцлов.
Тэрбээр Монгол орны газар нутгийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгааг дурдаж, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэллээ. Өнөөдөр мөн COP17-ийн албан ёсны хуралдаанууд эхэлж, хурлын зохион байгуулалт, стратеги, төсөв, гангийн асуудал, Конвенцын хэрэгжилт болон улс орнуудын байр суурийг хэлэлцэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр Монгол Улс COP17-ийн хүрээнд “Тал хээрийн төлөвлөгөө” нэрийн дор бэлчээр, газар ба усны нэгдсэн менежмент, байгальд суурилсан дэд бүтцийн шийдэл гэсэн гурван үндсэн санаачилга дэвшүүлж байна.
Монгол Улс даргалагч орны хувьд талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүргэхэд төвлөрөн ажиллана. Хурлын үр дүнд улс орнуудын өмнө хүлээсэн амлалтын хэрэгжилтийг үнэлж, газрын доройтол, ган, усны хомсдолтой тэмцэхэд цаашид баримтлах бодлого, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох хүлээлттэй байна.
Мөн COP17-оос гарах шийдвэрүүдийг бодит төсөл, хөтөлбөр, хэрэгжилттэй уялдуулах нь хурлын гол үр дүн байх юм.
