Хэрэглээгээ танах нь байгаль хамгаалалд оруулах хамгийн бодит хувь нэмэр

Хуваалцах

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэл, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, ногоон санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн шийдэл зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан олон асуудлыг энэ өдрүүдэд нэг дор хэлэлцэж байна. Гэхдээ байгаль хамгаалал гэдэг зөвхөн улс орнуудын бодлого, олон тэрбумын хөрөнгө оруулалт, томоохон төсөл, хөтөлбөрийн тухай асуудал биш. Энэ бол хүн бүрийн өдөр тутмын сонголт, хэрэглээнээс эхэлдэг зүйл юм. Бидэнд үнэхээр хэрэгтэй эсэхийг бодолгүй худалдан авдаг зүйлс, нэг удаа хэрэглээд хаядаг бүтээгдэхүүн, дэмий урсгасан ус, асаалттай орхисон гэрэл, идэлгүй хаясан хоол бүрийн цаана байгалийн нөөц, газар, ус, эрчим хүч, хүний хөдөлмөр бий.

Тиймээс байгаль хамгаалалд оруулж болох хамгийн бодит хувь нэмрийн нэг нь хэрэглээгээ танах явдал. Эх нутаг, хөрс шороо, ус, ой, бэлчээр доройтох тусам хүний амьдралын чанар, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, ирээдүйн боломж дагаад доройтдог. Тиймээс байгаль хамгаалах асуудлыг зөвхөн “төр хийх ёстой”, “компаниуд хийх ёстой”, “олон улсын байгууллагууд шийдэх ёстой” хэмээн өөрөөсөө холдуулах боломжгүй.

COP17-ийн хоёр дахь өдрийн онцлох үйл явдлын нэг болох Ногоон бүсийн нээлтийн үеэр Хөвсгөлийн Их тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх: “Би нэг дуран, нэг морь, нэг тэмдэглэлийн дэвтэртэйгээ 39 жил байгаль хамгаалах ажлыг хийж болоод байна. Энд байгаа хүн бүрийн сэтгэл зүрх ногоорсон байхад дэлхий ногоорно” хэмээн хэлэв.

Хэрэглээгээ танана гэдэг өөрийгөө хязгаарлах тухай биш. Харин хэрэгтэй зүйлээ сонгож, хэрэггүйгээс татгалзаж, байгаа зүйлээ үнэ цэнтэй хэрэглэх тухай юм.

COP17-ийн танхимд дэлхийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах бодлого, санхүүжилт, технологийн шийдлүүдийг хэлэлцэж байна. Харин өөрчлөлтийн хамгийн ойрын эхлэл нь бидний өдөр тутмын амьдралд бий. Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн хэлсэнчлэн, дэлхий ногоорохын өмнө хүний сэтгэл ногоорох хэрэгтэй. Байгаль хамгаалахын тулд заавал том зүйл хийх албагүй. Заримдаа авахгүй байх сонголт, байгаа зүйлээ гамнах дадал, хэрэгцээгээ танах шийдвэр хамгийн бодит хувь нэмэр болдог.

Байгаль хамгаалал бол зөвхөн бодлого биш. Илүү бага худалдан авах, байгаа зүйлээ удаан хэрэглэх, хүнсний хаягдлаа багасгах, ус, эрчим хүчээ хэмнэх, нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзах, шинээр авахын оронд засаж, дахин ашиглах зэрэг өдөр тутмын энгийн сонголтуудаас эхэлнэ. Эдгээр нь жижиг алхам мэт боловч сая сая хүний өдөр тутмын дадал болж чадвал байгальд үзүүлэх дарамтыг бодитоор бууруулах хүчтэй өөрчлөлт болж чадна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн