Хавдар Судлалын Үндэсний Төвд “Хавдар судлал”-ын үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтыг амжилттай дүүргэсэн эмч нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах арга хэмжээ боллоо.
Төгсөгчид орон нутаг болон харьяа эмнэлгүүдэд ажиллаж, хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, улмаар хавдрын өвчлөлийн ачааллыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Энэ үеэр ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд төгсөгчдөд хандан “Хавдар судлалын чиглэлээр мэргэшин ажиллаж, иргэдэд хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр сэтгэл шулуудан сонголт хийсэн та бүхэнд талархаж байна. Цаашдын ажил, мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсье. Мөн мэргэжил эзэмшүүлж, мэдлэг, ур чадвараа хуваалцан ажилласан сургагч багш нартаа талархал илэрхийлье” гэлээ. Мөн тэрбээр, ХСҮТ нь улсын хэмжээнд хавдар судлалын лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. 2000 оноос хойш хавдар судлалын үндсэн болон төрөлжсөн мэргэшил, сувилахуйн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг үе шаттайгаар сургаж, бэлтгэдэг. Энэ хүрээнд өнөөдөр 26 дахь төгсөлтөө хийж, хавдар судлалын чиглэлээр нийт 105 эмч, сувилагч болон эс судлаач мэргэжилтэн хамрагдаж, мэргэжлийн сургалтаа амжилттай дүүргэлээ. Төгсөгчид Улаанбаатар хот болон орон нутагт, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлээрээ ажиллана. Ингэснээр хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд сургалтын үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Ялангуяа орон нутагт хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хэрэгцээ харьцангуй өндөр байдаг. Мэргэшсэн хүний нөөц орон нутагт нэмэгдсэнээр иргэд зөвхөн ХСҮТ-ийг зорих бус, өөрийн оршин суугаа газрын эмнэлгээс хавдрын чиглэлийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Мөн тухайн эмнэлэг, байгууллагад хавдрын өвчлөлийн хяналт, тандалт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж нэмэгдэнэ. Тиймээс энэ жил 105 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хавдар судлалын чиглэлээр сургаж, Улаанбаатар хот болон орон нутаг, бусад эмнэлгүүдэд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж байгаа нь хавдрын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн хангалтыг сайжруулахад оруулж буй чухал хувь нэмэр юм” хэмээн онцоллоо.







