Олон улсын шуудан илгээмжийн бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 40.5 хувиар өсжээ. Үүнийг дагаад шуудангийн илгээмжээр мансууруулах бодис, хууль бус бараа нэвтрүүлэх эрсдэл нэмэгдэж байгааг гаалийн байгууллагаас анхаарууллаа.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт энэ онд нийт 38 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэнээс 14 нь буюу 36.8 хувь нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой байжээ. Эдгээр хэрэгт хуульд заасан арга хэмжээг авч, шийдвэрлэсэн талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Д.Амартүвшин мэдээлсэн байна.
Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуудан илгээмжээр хууль бус бараа, эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд онцолжээ.

Энэ хүрээнд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан байна. Өдөрлөгт шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 40 гаруй аж ахуйн нэгж, 30 гаруй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчид оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцжээ.
Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төлөөлөл оролцож, илгээгч, хүлээн авагчийн мэдээллийн үнэн зөв байдал, мэдээллийн нууцлал, хамгаалалт болон байгууллага хоорондын мэдээлэл солилцооны эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцсэн байна.
Гаалийн байгууллагаас иргэдийг хувийн мэдээллээ бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн илгээмжийн хаяг, утасны дугаараа зөв бичих, ачаа тээвэр болон барааны мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх нь илгээмжийг шалгах, гаалийн хяналтын бүсэд саатах шалтгаан болдог байна.
Эх сурвалж: Монголын гааль
