COP17: Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны XIV хуралдаан өчигдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны даргын 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг танилцуулж, COP17 бага хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн, зарим асуудлаар шийдвэр гаргалаа. Үүнд:
- Үндэсний хорооны харьяа нийт 12 Дэд хорооны бүрэлдэхүүн, чиг үүргийг танилцуулж, шинэчлэн батлуулахаар шийдвэрлэв.
- 12 Дэд хорооны 2026 оны ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж, батлуулахаар тогтов.
- Бага хурлыг зохион байгуулах зардлын хүрээнд бараа, материал худалдан авахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулах, мөн дэд хороодоос ажлын хэсэгт оруулах албан тушаалтны саналыг ирүүлэхээр тохиров.
- Бага хурлын зохион байгуулалт, аюулгүй байдал, логистиктой холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудаас шийдвэрийн саналыг ирүүлэхээр тогтов.
- Бага хурлыг зохион байгуулахад шаардлагатай зардлын зарцуулалтын талаар Ажлын албаны дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Д.Батмөнх танилцуулга хийж, гишүүд мэдээлэлтэй танилцав.
Үндэсний хороо нь COP17 бага хурлыг олон улсын жишигт нийцсэн, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулах зорилгоор бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх