“Huawei” ухаалаг автомашины технологид хөрөнгө оруулна
Хятадын харилцаа холбооны “Huawei” компани цахилгаан хөдөлгүүрт болон автомат жолоодлогот автомашинуудад зориулсан технологийн судалгаанд энэ онд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Эрик Сюй даваа гарагт шинжээчидтэй уулзах үеэрээ мэдээлсэн байна.
"Ухаалаг автомашины эд ангиудыг хөгжүүлэх чиглэлд “Huawei”-н хөрөнгө оруулалт энэ онд нэг тэрбум ам.долларт хүрнэ" гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, тус компани автомашин үйлдвэрлэгч гурван компанитай хамтран ажиллахаар тохиролцжээ. “Huawei” бие даан тээврийн хэрэгсэл бүтээхгүй бөгөөд эдгээр компанид технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх аж.
Ухаалаг автомашины технологи хөгжүүлэх чиглэлд "Huawei" одоогоор Хятадын "BAIC BluePark New Energy Technology Co" компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд ийм автомашиныхаа анхны загварыг энэ сард Шанхайд болох үзэсгэлэнгийн үеэр танилцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх