“Moderna” вакцинаа 12-17 насныханд хэрэглэх хүсэлт гаргажээ
Moderna” компани “COVID-19”-ийн вакцинаа 12-17 насны хүүхдүүдэд яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт гаргаснаа пүрэв гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн сард “Moderna” АНУ-д 12-17 насны 3732 хүүхдийг хамруулсан туршилтынхаа үр дүнг танилцуулсан бөгөөд вакцин тэдэнд насанд хүрсэн хүмүүсийнхтэй ижил дархлаа үүсгэж буйг мэдэгдсэн юм.
Туршилтын үеийн эхний ажиглалтаар хүүхдүүд вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 14 хоногийн дараах байдлаар хэн нь ч халдвар аваагүй байна. Харин плацебо буюу идэвхгүй нэгдэл тариулсан хүүхдүүдийн дөрвөөс нь халдвар илэрчээ.
“Бид вакцинаа өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргаснаа мэдэгдэж буйдаа баяртай байна. Цаашид дэлхий дахины эмийн бүтээгдэхүүний хяналтын байгууллагуудад хүсэлтээ гаргана” гэж компанийн тэргүүн Стефан Бансель мэдэгджээ.
АНУ-д одоогоор “Moderna”-гийн вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. Харин “Pfizer”-ийн вакцины хувьд 12-15 насныханд яаралтай нөхцөлд тарих зөвшөөрлийг тавдугаар сарын 10-нд авсан билээ.
Сэтгэгдэл үлдээх