Neuralink хоёр дахь туршилтын хүнд тархины чип суулгасан гэж Маск хэллээ
Neuralink компани саажилттай өвчтөнүүдэд дижитал төхөөрөмжийг ашиглахад шаардагдах сэтгэн бодох чадвар олгох зориулалттай төхөөрөмжөө хоёр дахь өвчтөнд амжилттай суулгасан гэж Элон Маск мэдэгдэв.
Neuralink нь нугасны гэмтэлтэй хүмүүст туслах зориулалттай төхөөрөмж нь туршилтын шатандаа явж байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь анхны өвчтөнд видео тоглоом тоглох, интернет үзэх, олон нийтийн сүлжээнд нийтлэх, зөөврийн компьютер дээр курсороо хөдөлгөх чадварыг одоогоор амжилттай эзэмшүүлээд байна.
Маск баасан гарагийн орой нийтлэгдсэн найман цаг гаруй үргэлжлэх подкастын үеэр хийсэн тайлбартаа, усанд шумбах үеэрээ осолд орж саажилттай болсон хоёр дахь өвчтөн эхний өвчтөнтэй төстэй нугасны гэмтэлтэй гэх мэдээллээс өөр мэдээлэл бараг өгөөгүй юм. Маск хэлэхдээ, хоёр дахь өвчтөний тархинд нь 400 электрод суулган ажиллуулж байна хэмээжээ. Neuralink вэб хуудаснаа нэг суулгацандаа 1024 электрод ашигладаг гэж мэдэгджээ.
“Одоохондоо ингэж хэлэхэд эрт байгаа ч гэсэн туршилт хоёр дахь өвчтөнд амжилттай болсон” хэмээн Маск подкастын хөтлөгч Лекс Фридманд хэлжээ.
Neuralink хоёр дахь өвчтөнд хэзээ мэс засал хийсэн талаар Маск мэдээлэл өгсөнгүй. Маск Neuralink компанийг эмнэлзүйн туршилтынхаа хүрээнд энэ жил дахин найман өвчтөнд суулгац хийхээр төлөвлөж байгаа гэв.
Эхний өвчтөн буюу, Ноланд Арбау, болон Neuralink-ын удирдах ажилтнууд нар мөн адил подкастанд оролцон суулгац болон роботоор удирдуулсан мэс засал хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Арбау өмнө нь амандаа саваа зууж компьютер мөн гар утсаа ашигладаг байв. Харин одоо Арбау суулгацын тусламжтайгаар компьютерын дэлгэц бусад техник хэрэгсэлүүдийг чөлөөтэй ашиглах чадвартай болсон байна.
Арбау мэс засал хийлгэсний дараа суулгацын жижиг утаснууд татагдаж, тархины дохиог хэмжих электродууд огцом багасаж эхэндээ асуудалтай тулгарсан. Ройтерс агентлагийн мэдээлснээр Neuralink энэ асуудлыг амьтдад хийсэн туршилтаасаа таамаглаж байсан аж.
Neuralink нь суулгацын алгоритмыг илүү мэдрэмтгий болгох өөрчлөлтийг оруулснаар Арбаугийн тархины дохиог хянах чадварыг сэргээсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters.com
Бэлтгэсэн: О.Янжихлхам
Сэтгэгдэл үлдээх