Цэс Close

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв.

Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Монгол Улсад айлчлахыг урив.

Түүнчлэн цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлэв.

Цаашид уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол гээд бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглээд, цаашид бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг хэлэв.

Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр хувийн хэвшил болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах