Цэс Close

“SpaceX” анх удаа энгийн хүмүүсээс бүрдсэн багтай хөлөг хөөргөжээ

Америкийн “SpaceX” компани анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багтай “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ.

Хөлгийг “Inspiration4” хөтөлбөрийн хүрээнд хөөргөсөн бөгөөд тойрог замд хийсэн анхны бүрэн арилжааны нислэг болжээ. Сансрын хөлөг бүхий “Falcon 9” зөөгч пуужинг АНУ-ын Зүүн эргийн цагаар 20 цаг 02 минутад Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөсөн байна.

Нислэг гурав орчим хоног үргэлжилэх бөгөөд “Crew Dragon” Атлантын далайд газардах товтой байгаа юм байна. Гурван өдрийн нислэгийн үеэр сансрын хөлөг нь ОУСС-ийн тойрог замаас (420 орчим км) хамаагүй өндөрт 575 км өндөр тойрог замд гарна.

Харин багийн гишүүдийн хувьд тэдний нэг нь тэрбумтан Жаред Айзакмэн бөгөөд тэрээр энэ удаагийн аялалын зардлыг бүрэн дааж байгаа аж. Айзакмэн аялалдаа гурван хүнийг хамт нисэхийг урьсан бөгөөд тэдний нэг Хэйли Арсено нь Сэнт Жюдийн Хүүхдийн Эмнэлгийн ажилтан бөгөөд нислэгийн багт эмчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Мөн  нэг гишүүн нь Шан Проктор нь геологич бөгөөд NASA-гийн сургалтанд сууж, сансрын нисгэгчийн эрхтэй болсон ч нисэж үзээгүй, зөвхөн симулятор дээр дадлага хийж байжээ. Тэр уралдаанд түрүүлснийхээ шагналд сансарт нисэх эрхтэй болсон байна.

Багийн үлдсэн гишүүн нь Крис Семброски нь АНУ-ын агаарын технологийн Lockheed Martin компанийн инженер бөгөөд нисэх боломжгүй болсон найзынхаа өмнөөс нисхээр болжээ.

Дашрамд дуулгахад,  SpaceX компани өнгөрсөн онд анх удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэж байсан ба дараа нь хоёр удаа амжилттай нисгэсэн.

Харин энгийн хүмүүсээс бүрдсэн сансрын жуулчдыг анх удаа хөөргөх гэж байгаа нь энэ юм. Ирэх онд тус компани хоёр дах бүлэг жуулчдыг сансарт нисгэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах