Цэс Close

"Авлига хороолол"-ын зөвшөөрлийг Д.Сумъяабазар олгосныг шүүх нотлов

“Авлига хороолол” гэж нэрийдээд буй “Aqua garden” хотхоныг хэзээ буулгаж, иргэдийн амь насыг эрсдлээс хамгаалах ажил хэзээ биелэх нь тодорхойгүй байсаар байна.

Энэ хорооллын газрын анхны зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга асан Э.Бат -Үүл Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден”-ыг “Эм Энд Жи" ХХК-нд 2013 оны аравдугаар сарын 18-нд ногоон байгууламж гэх зориулалтаар олгосон байдаг. Улмаар Хотын дарга асан С.Батболд 2018 онд А/1111 захирамжаараа үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, 2022 оны 1 сарын 11-нд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар А/17 захирамжаараа “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг” болгож өөрчилж өгсөн. Ингээд орон сууц барих боломжтой болсон байдаг.

Шинээр томилогдож буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, түүний удирдлагын багт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлыг цэгцлэх шаардлагатай. Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний гольдролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийслэлчүүд эрхээ зөрчүүлж хэрхэвч болохгүй. Нийслэлчүүд алдагдсан боломжийн өртгөө, алдагдсан ногоон байгууламжаа, алдагдсан цэцэрлэг, сургуулиа нэхэмжлэх бүрэн эрхтэй. Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя!" гэх үүрэг даалгаврыг өгсөн.  Мөн Засгийн газраас Сэлбэ гол дагуух онцгой хамгаалалтын бүсийн 1887 нэгж талбар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу S Outlet-ийн барилга, Aqua Garden төслийн хоёр блокыг буулгаж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын бүсийн газрыг чөлөөлөхөөр болсон. Гэвч Д.Сумъяабазар дарга цаасан дээрх захирамжаа бодит ажил хэрэг болгож чадаагүй. Харин Х.Нямбаатар хэрхэхийг одоо л харна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл "Авлига хороолол" гэгчийн газар олголттой холбоотой асуудалд тайлбар гаргасан удаатай. Уг тайлбартаа “...Нэхэмжлэгч “Эм Энд Жи констракшн” ХХК дээрх захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад тус шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны 03 дугаар сарын 03-ны 147 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэл тогтоогдохгүй байхад дахин нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд тус шийдвэр хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон байна. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж засуулах боломжтой байсан. Гэвч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс уг шийдвэрт гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлж, олгох асуудлыг шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй газар биш, харин иргэн аж ахуй нэгжид хуульд заасны дагуу газар олгогдсон эсэх, иргэн аж ахуй нэгжид олгосон газрыг хүчингүй болгож байгаа захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг иргэн, аж ахуй нэгжийн нэхэмжлэлийн дагуу хянадаг байгууллага юм. Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нийслэлийн Засаг даргаас “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн газрын зориулалтыг орон сууцны зориулалт болгон өөрчилж, улмаар Хот байгуулалт хөгжлийн газрын дарга 2022 оны 01 дүгээр сард А/171111 архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, барилга барих зөвшөөрлийг олгосон байна” хэмээн дурджээ.

Энэ бүхнээс үзвэл “Авлига хороолол”-ын газрыг тухайн аж ахуйн нэгжид олгоход Д.Сумъяабазар үйлдлээрээ бас эс үйлдлээрээ хүчин зүтгэжээ. Тэрээр Засаг даргаар ажилласаар байсан бол тус хорооллыг нураах шийдвэр хэрэгжихгүй байхыг ч үгүйсгэхгүй нь. Учир нь, энэ бүхний цаана ямар нэгэн эрх ашиг бий бололтой.

Б.АНАР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах