Цэс Close

Авлигын дагнасан шүүх: Авлигачдад айдас, ард түмэнд ялалт

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын дагнасан шүүх байгуулна гэж  зарлалаа-

Манай улс авлигатай тэмцэж буй ч бодит байдал дээр өндөр албан тушаалтан, цагаан захтнуудад хууль, шүүх эрх тэгш үйлчилж чадахгүй байна гэсэн шүүмжлэл явж ирсэн. Энэ нь нэг талаар үнэний ортой. Нэгэн жишээ дурдахад улсад их хэмжээний хохирол учруулсан гэх төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийнхны хэрэг 7 дахь жилдээ шийдэгдэхгүй хэвээр байна.

Энэ Засгийн газраас авлигын эсрэг тэмцлийг өрнүүлж, 5Ш ажиллагаа зарлаж, хууль эрх зүйн зоримог өөрчлөлтийг хийж эхэлсэн. Өнгөрсөн 30 жилд бугшсан авлига, авлигалтай тэмцэх арга барилд шинэчлэлт өөрчлөлт оруулахгүй л бол байдал дээрдэхгүй гэдгийг олж харсан. Өнгөрсөн хугацаанд авлигын олон асуудлуудыг Засгийн газар үе шаттай гаргаж тавьсан.

“Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх чуулганы хуралдаан дээр онцлон хэлж байв.

Засгийн газрын авлигатай тэмцэх санаачилгын хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон нь албан тушаалтнуудад айдас хүйдэс болж байна. Тухайлбал, авлига албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг нэмэгдүүлсэн, авлигын хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх, төрийн өндөр албан тушаалд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүмүүс тендер, төрийн төсөл хөтөлбөрөөс санхжүүжихгүй байх зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн хавар баталсан.

30 жилийн бугшсан тогтолцоо сүүлийн 3 хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаа нь үр дүн юм. Авлигатай тэмцэх ажил бол өргөс авсан шиг гэнэтхэн бууруулдаг зүйл биш. Шүүх хуулийн байгууллагын үйл ажиллагаанд гэхэд мөрдөн шалгах байгууллага ажлаа хийж гэмт этгээдүүдийн хэргийг мухарлаж байгаа ч шүүх хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа талаар  сүүлийн үед шүүмжлэл их дуулдах болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хийж буй авлигын эсрэг тэмцэл алхам алхмаар урагшилж буй өнөөдөр шүүхийн шатанд ирээд удаашрах, хэрэг шийдэгдэхгүй байх гэх мэт байдалтай тулж байна. Тиймээс Ерөнхий сайд шүүхэд тулгамдаж буй эрх зүйн зарим асуудалд дэмжлэг үзүүлэх нь зөв юм байна гэж харжээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.30/ хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас  авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Авлигын шүүх байгуулах болно” гэж зарлалаа.

Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож мэдээлэл хийжээ.   Тэрээр “Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна. Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү, эсвэл зээлээ аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?

Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авилгын хэрэгтнүүдийн даралт ихэсч, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?

Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ? Энэ мэт олон асуудалд ард түмэн эргэлзэж шударга ёсыг шаардаж байна” гэв.

Ерөнхий сайд цааш хэлэхдээ “Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй,  шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.

Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй,  шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.

Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асч, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд Улсын Их Хурлын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье! гэж хэлэв.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцлийн хүрээнд шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байгааг зарлалаа.

Авлигын дагнасан шүүхтэй байх зорилго нь авлигалтай тэмцэх, хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх юм. “Системийн авлигын олон улс дамнасан сүлжээ, улс төр болон эдийн засгийн бүлэглэлийн өмнө анхан шатны жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ” гэж хэлсэн нь үүнтэй ч холбоотой.

Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм учраас манай улсад авлигын дагнасан шүүхийг байгуулах нь зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна.

Өнөөдөр дэлхийн 27 улс ийм шүүх байгуулан ажиллаж байгаа аж. Хэрэв Ерөнхий сайдын энэхүү санаачилгыг УИХ дэмжвэл манайх 28 дахь улс нь болох нь.

Манай улс тусдаа дагнасан шүүхтэй болох хэмжээнд хүрсэн нь авлига манай улсад ямар түвшинд байгааг илтгэх биз ээ. Дагнасан шүүхгүйн улмаас шүүх дээр хугацаа хожиж ялаас мултардаг авлигачдын хувьд авлигын  дагнасан шүүхтэй болох нь айдас. Харин иргэдийн хувьд авлигачдаа дарж авах ялалтын эхлэл байгаасай хэмээн хүсэж буй нь лавтай.

Улс орноороо хохирогч болдог авлигатай тэмцэхээр ханцуй шамласан Ерөнхий сайдын санал санаачилга, ажил хэрэгт саад бэрхшээл олонтаа тулгарч байгаа нь тайлбаргүйгээр ойлгомжтой. Угтаа бол энэ нь ганц Ерөнхий сайд, түүний багийн хийх ажил төдийхөн биш юм. Ардын намынхны хэлдгээр хүчээ нэгтгэе гэдэг уриаг энд л хэлмээр байгаа юм. Авлигатай тэмцэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.

 

Б.НОМИН

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах