Цэс Close

Авлигын эсрэг Монгол Улсын явуулж буй бодлогыг Давосын тэнгэр дор сайшаан хэлэлцэв

Монгол Улсын гадаад харилцаа нэг хэсэг зогсонги байдалтай байв. Хатуу хэлвэл хоёр  хөршөөсөө холыг харахаа байчихсан. Сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөв. Монголын удирдагчид гадагш зорьж олон улсын хэмжээний томоохон уулзалтуудад идэвхтэй оролцож, дэлхийн тавцан дээр байх сууриа илэрхийлж, мөн гуравдагч хөршүүдээс сонирхолтой зочид Монголыг зорин ирэх болов. Ер нь товчхондоо хэлвэл гадаад харилцаан дээр нэлээд уран нүүдлүүд хийсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад амжилттай оролцоод ирлээ. Манай улсын ҮАБЗ-ийн гишүүд Дэлхийн эдийн засгийн чуулганд тогтмол оролцдог.   Энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндсэн арга хэмжээнд оролцохоос гадна олон яриа хэлэлцээ өрнүүлж, амжилт авчирсан 50 гаруй уулзалт хийсэн юм.

Чуулга уулзалтын Төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далайд гарцгүй улс орнуудын асуудлыг хөндөн ярилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Далайд гарцгүй улс орнуудад далайг ашиглах эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын хувьд бүсчилсэн байдлаар хөгжих бодлогоо ярьж байна. Улмаар бүс нутагтаа эдийн засгийн интеграцид хэрхэн орохоо ч тодорхойлох шаардлагатай болж байна. Дэлхийн улс орнууд Монголыг эерэгээр хүлээж авч байна. Монголын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлтүүд, авлигын эсрэг үйл ажиллагаа, өсөж буй цахим индексүүд зэргийг улс орнууд үнэлж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарсан реформын шинж чанартай өөрчлөлтүүдийг сонирхож байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэлхий хуваагдаж буй энэ цаг үед ардчиллыг бэхжүүлж хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ" гэж ярилцлага өгөхдөө дурдсан.

Энэ үеэр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ирсэн томоохон зочид, оролцогчдыг хамруулсан “Go Mongolia” арга хэмжээг Давос хотноо зохион байгуулсан нь дэлхий Монголын зүгт анхаарал хандуулж чадсан хэрэг болов.

Дэлхийн хүмүүсийг Монголд урив

Монгол Улсыг дэлхийн өмнө сурталчилсан “GoMongolia” арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далай бүсийн тэргүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн Жөү-Өүк Лий, Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далайн асуудал хариуцсан дэд дарга Пиамит Бинг Чомпрасоб, Лондонгийн металлын биржийн гүйцэтгэх захирал Матью Чэмберлэйн, “Air Asia” компанийн үүсгэн байгуулагч Тони Фэрнандэс, “Rio Tinto” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Partnership for Central America”-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фантини Портер, CNN сувгийн сэтгүүлч Ричард Квэст зэрэг нэр хүндтэй олон зочин, бизнесмэн, хөрөнгө оруулагчид уригдан оролцсон.

Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг манай улс амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Эхнээсээ үр дүнд гарч, өнгөрсөн 2023 онд Монгол Улс анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч, улсын төсөвт 3.8 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд ярилцлагадаа онцлон хэлж байв.

Чуулга уулзалтын үеэр улс орнуудтай тусгайлан хийсэн хоёр талт уулзалтын нэг болох Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай уулзахдаа хоёр орны байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломж байгаа талаар хэлэлцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн энэ удаад ч бус гадаад улс орнуудад хийсэн албан ёсны айлчлал бүрийнхээ үеэр эх орондоо жуулчдыг татах яриа хэлэлцээрийг үр ашигтай хийж байгаа билээ.

Франсуа Валериан: Авлигатай тэмцэж буй Монгол шиг орныг цаашид ч дэмжинэ 

Ерөнхий сайд Давосын чуулга уулзалтад оролцонгоо 50 гаруй уулзалтыг хийсний нэг нь “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан байлаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд “Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж  байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно. Шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэй” гэв. Энэ нь Монгол Улсын авлигатай хийж буй тэмцлийг өндрөөр үнэлсэн явдал байв.

Дараагийн онцлох уулзалтын нэг болох БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзаж, Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ эхэлснийг дурдсан. Монгол, Солонгосын Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Дараачийн амжилттай уулзалт гэж хэлж болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассотой хийсэн уулзалтыг онцолж болно.
Манай улсад Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгож ирсэн байдаг. Өдгөө Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Ерөнхий сайд уулзалтын үеэр цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
Ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжих, хамтран ажиллах тухай ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болох тухай хөндөж, ногоон хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх боломжийг судлах, аялал жуулчлал хөгжүүлэх замаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар санал солилцов. Ийнхүү дэлхий цугласан чуулга уулзалтаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсаа төлөөлж энэ мэтчилэн 50 гаруй амжилттай уулзалтыг амжилттай хийж, эх орондоо богц дүүрэн ирж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах