Ажлын байран дэрээ хэт найрсаг байх нь сөрөг зүйл үү?

Колумбын их сургуулиас хийсэн ажлын байран дээрх хэтэрхий эелдэг найрсаг хүмүүсийн талаар хийсэн нэгэн сонирхолтой судалгааг хуваалцья. Мэдээж энэ нь улс төрийн сэдэв биш ч бүх хүнд хамаарах сэтгэл зүйн болон ажлын байрны талаарх асуудал тул хамтдаа энэхүү судалгааг товчилж, энгийншүүлэн мэдэж авцгаая. Ажлын байран дээрээ хэт эерэг байх нь хамгийн сөрөг зүйл үү?
Нью иоркын их сургуулийн сэтгэл судлалын профессор бөгөөд нийгмийн харилцааны шинжлэх ухааны тэргүүлэх мэргэжилтэн Доктор Тэсса Уэст 8 сарын өмнө Колумбын их сургуулиас зохион байгуулсан Ted хуралд өөрийн The problem with being “too nice” at work илтгэлийг танилцуулсан юм. Тус илтгэлд ажлын байран дээрээ хэтэрхий найрсаг байдаг хүмүүст учирдаг зовлон бэрхшээлийн талаар дурдсан бөгөөд энэ нь Колумбын их сургуулийн 2023 оны “ажлын байрны сэтгэл судлал”-ын судалгаанаас эш татсан болохыг дурдсан нь судлаач миний сонирхлыг түлхүү татсан юм. Ингээд тухайн судалгааг олж үзэхэд манай нийгэмд нийтлэг тохиолддог ажлын байрны асуудлуудтай агаар нэг байсан төдийгүй ковид-19 цар тахлаас хойш хүмүүс ажлын утга учир, бүх амьдралаа ажилд зориулах талаарх ойлголт байхгүй болсон гэх дүгнэлтийг агуулжээ. Энийг бүр орчин цагийн сэтгэл зүйн шинжлэх ухаанд “нийгмийн эвгүй харилцааны судлагдахуун” хэмээн бие даасан судлагдахуун болгон судалж байгаа гэхээр тулгамдсан асуудлын нэг мөнөөсөө мөн ажээ. Tessa West мөн өөрийн илтгэлдээ “бид яагаад орчин үед ажил дээрээ арьс махны завсраар амьтан гүйх мэт мэдрэмж аваад байна вэ? Бид яагаад хүн болгоноос таагүй мэдрэмж авч, сүүлийн жилүүдэд ажлаас халшраад байна вэ? Гэж нэг ч удаа өөрөөсөө асууж байсан бол энэ илтгэлээрээ танд өөрийгөө танихад бяцхан ч болов тусалья” гэж эхлээд үндсэн асуудлыг хөндөж байгаа юм. Түүний илтгэл болон Колумбын их сургууль, Нью иоркын их сургуулийн судалгааны гол үр дүн нь ажлын байран дээрээ бусадтай хамгийн эелдэг харьцдаг хүмүүс хамгийн их сэтгэл гутрал, хамгийн их оюун санааны ядралт мэдэрдэг талаар байв. Тэгэхээр энэ нь үндсэндээ хүний сэтгэхүйтэй холбоотой аж. Хамгийн энгийнээр хэлбэл хүн хүнтэй харилцахдаа харилцагч нөгөө хүнийхээ нэгдүгээрт үг хэлж буй байдлыг анхаардаг бол хоёрдугаарт зан авир, нүдний харцыг хардаг гэжээ. Иймээс бусдад эелдэг ханддаг хүмүүс эдгээр зүйлд маш их ач холбогдол хүмүүс байх магадлалтай гэсэн байгаа юм.
Ингээд профессор Тэсса Вест хэд хэдэн хүмүүс дээр бодит судалгаа, ажиглалт хийжээ. Хоёр хүнийг нэг өрөөнд оруулж тусгай төхөөрөмжөөр цусны даралт, арьсны доорх хариу урвалыг хэмжсэн аж. Учир нь хүн ямарваа мэдрэмжийг илэрхийлэх, хүлээн авах үед хүний арьсны доодох эд, эсүүд хариу урвал үзүүлдэг байна. Ингээд тэрээр хэд хэдэн хариу үйлдэл дээр бичлэг хйиж авчээ. Энэ үед найрсагаар харилцаж буй хүн энгийн харилцаж байгаа хүнээс хэд дахин стрессийн мэдрэмж болон арьсан доорх хариу урвалыг үзүүлж байсан бөгөөд нөгөө хүн хэт найрсаг байх тусам улам бүдүүлэг болж байсан дүр зураг ажиглагджээ. Тэсса Вестийн дээрх илтгэл болон Колумбын их сургуулийн судалгааг харьцуулж харвал дараах байдлаар “найрсаг харилцааны өвчин” нь дараах байдлаар илэрдэг байна.
· байнга бусдыг сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг бол та ихэнхдээ үнэн хэрэгтээ өөрийн үзэл бодол, шаардлагыг илэрхийлэхгүй өнгөрдөг. Энэ нь таны карьерийг хойш татах, боломжуудыг алдахад хүргэдэг.
· байнга бусдыг сэтгэл санаагаар дэмжих гэж оролдож, өөрийн хүсэл сонирхлоо хойш тавьдаг бол энэ нь сүүлдээ уур бухимдал, сэтгэл санааны дарамт үүсгэж, бие махбодийн өвчлөл болдог.
· байнга бусдын санааг зовоохгүй байхыг хичээж, өөрийн төлөө зогсож чадахгүй бол бусад нь таны санал бодлыг авч үзэхгүй байж магадгүй. Энэ нь цаашлаад таныг үл хүндлэхэд хүргэдэг.
· Ийм төрлийн хүмүүс бусдад туслах гэж маш их оролддог бөгөөд энэ нь эргээд үр бүтээлтэй ажиллахад саад болдог байна. Бусдад хэт их анхаарал тавихдаа өөрийн ажил дээр төвлөрч чадахгүй, цаашлаад ийм найрсаг хүмүүс хэзээ ч албан тушаал дэвшээгүй болох нь судалгаагаар нотлогджээ. (надад яагаад ч юм судалгааны эдгээр хэсгүүдийг уншаад 1999 онд хийгдсэн American beauty кино санаанд орсон)
Шинж тэмдгүүд ийм байдаг бол эдгээр шинж тэмдэг ямар үр дагаварт хүргэдгийг судалгааны төгсгөл хэсэгт дурдсан байгаа юм. Олон жил найрсаг харилцааг эрхэмлэж өөрийн эрхийг хойш тавьсаар байвал цаашлаад энэ сэтгэцийн төрлийн хариу урвал нь өөрийн санаа бодлоо илэрхийлэхээс айдаг болгодог ба алсдаа сэтэл гутралын хамгийн том үндсэн шалтгаан болдог байна. Сэтгэл гутрал даамжирвал ажлын чадвар муупаж, бүр амьдралын сэтгэл ханамжгүй болоход хүргэж болзошгүй. Та бидний мэдэхээр БНСУ-д ажлаас хамааралтайгаар амиа хорлох тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь Ази соёлтой ч холбоотой байж магадгүй юм хэмээн би энэ судалгааг унших зуураа бодсон. За тэгээд цаашлаад хэтэрхий найрсаг байх нь өөрийн байр суурийг хамгаалахад асуудал учруулдаг бөгөөд өөрийн хэрэгцээ, сонирхлоо хойш тавихад цаашид ч хүргэсээр алсдаа өөрийнхөө эрх ашгийг хамгаалж ч чадахгүй байдалд ордог байна. Мөн ямар хүмүүс хамгийн найрсаг бөгөөд тусч, сайхан сэтгэлтэй байдаг вэ? гэдэгт зөрчил үүсгэхээс зайлсхийдэг хүмүүс байдаг аж. Та үүнийг сонсож байх үед өөрийнхөө талаар сонсож байгаа юм шиг санагдаж байвал бусадтай найрсаг харилцсан ч нөгөө хүнээс сөрөг хариу үйлдэл ирэх үед өөрийнхөө арьсыг анзаараад нэг үзээрэй. Арьс махны завсар амьтан гүйх хэмээн Монголчуудын нэрлэдэг шиг мэдрэмж болон шар үс босох зэрэг мэдрэмж төрж байвал та энэ төрлийн хүн байх магадлалтай юм байна.
Мөн найрсаг байдал нь нээлттэй харилцахад ихээхэн төвөг учруулдаг бөгөөд хэт найрсаг хүнийг бусад хүмүүс “бянч, бялдууч, тал засаж байна” хэмээн сэрддэг гэж мөн судалгаанд нөлөөлөгч бүлгийн группээс хамгийн их хариулсан байна.
Англи хэлэнд энэ төрлийн хүмүүсийг being too nice гэж нэрлэдэг бөгөөд Монголчилбол “хэтэрхий сайхан сэтгэлтэй байх” “хэтэрхий найрсаг байх” гэсэн агуулгаар илэрхийлэгдэж байна. Энэ нь бусдад хэт их санаа тавих, өөрийн хэрэгцээ болон хүсэл сонирхлоо бодохоос илүүтэй бусдад туслах, амархан зөвшөөрөх, өөрийгөө эрсдэлд оруулдаг хүмүүсийг түлхүү илэрхийлнэ. Энэ төрлйин хүмүүсийн хүртдэг өөр нэг сөрөг үр дагавар бол өөрийн байр суурийг хамгаалах боломж гарсан ч хүлцэн чимээгүй өнгөрөөдөг явдал байдаг байна. Оюун санааны хувьд бусдаас өөртэй нь яаж харьцаасай гэж хүсэж байгаагаараа тэдэнтэй харилцдаг тул ихэнхдээ хүлээлт бодит байдал зөрж, урам хугарах нь оюун санааны болон сэтгэл зүйн дарамт, алсдаа өвчин үүсгэж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал гэдэс базлах мэдрэмж хамгийн ихээр төрдөг бөгөөд бүдүүн гэдэс зангирах, ходоод өвдөх, хорсох зэрэг өвчнөөр энэ явдал даамжран илэрдэг гэсэн нь тун анхаарууштай, бас энэ төрлийн менталититэй бол өөртэй ажиллах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрүүлсэн юм.
За тэгвэл ийм төрлийн зан төлөвтэй, бусдад туслах гээд байдаг талдаа бол та өөртэйгээ одооноос ажиллахгүй бол алсдаа маш олон эрсдлийг өөртөө авах нь. Тиймээс бусдад тааламжтай байхыг хичээхийн оронд үр дүнгүй харилцаа үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээн тухайн судалгааны төгсгөлд зөвлөжээ. Мөн зөрчил үүсгэхээс зайлсхийхгүйгээр зарим тохиолдолд зөрчилтэй нүүр тулж, “үгүй” гэж хэлэх чадвартай байх нь сөрөг үр дагавраас сэргийлж чадна гэсэн байна.
Г.Ариунболор
Сэтгэгдэл үлдээх