Алга болсон охин нь 20 жилийн дараа бэр болж буцаж иржээ
Адармаатай, адал явдалтай “савангийн дуурь” шиг үйл явдал өмнөд Хөршийн Жиансү мужийн Сүжоу хот дахь нэгэн хуримын үеэр болжээ. Хуримын үеэр хүүгийнхээ ирээдүйн эхнэр болох бүсгүйг өөрийнхөө төрсөн охин гэдгийг эх нь таньж, давхар баяр болсны зэрэгцээ эгч дүү хоёр хоорондоо гэрлэх нь гэж зочид хэрэгт дурлацгаажээ.
20 жилийн өмнө нэгэн хятад эмэгтэйн охин ор сураггүй алга болжээ. Нярай үрээ алдсан эх цагдаад хандаж, олон хоног, олон газраар эрж хайлгасан ч олж чадаагүй гэнэ. Гэтэл 20 жилийн дараа хүү нь гэрлэхээр болж, хуримаа хийх үеэр бэрийнхээ шуун дээр яг төрсөн охиных шиг нь мэнгэ байгааг олж харжээ.
Ингээд эмэгтэй хуримын үеэр элдэв шуугиан дэгдээлгүй эхлээд болгоомжтойхон нягтлахаар шийдэж бэрийнхээ эцэг эхээс “Танай охин чинь өргөмөл юм уу?” гэж асуусан байна. Охиноо замын хажууд тавьсан сагснаас олсон гэдгээ эцэг эх нь хүмүүсээс нуудаг тул энэ асуултад ихэд цочирдож, сандарчээ. Гэвч хүргэнийхээ ээжид үнэнийг хэлэх ёстой гэж үзсэн байна.
Ингэж эх үр хоёр 20 жилийн дараагаар дахин уулзаж, бөөн баяр хөөрсөн болсон аж. “Үнэндээ ээж маань хурим гэхээсээ илүүтэйгээр намайг эргэж олж чадсандаа л их баярлах шиг болсон” хэмээн бүсгүй ярьжээ. Үүний дараагаар өөр шийдэх ёстой зүй ёсны асуудал бол төрсөн эгч дүү хоёр гэрлэж болох уу? гэсэн асуулт байлаа. Гэвч нөгөө эмэгтэй дахин нэг гэнэтийн бэлэг задалж, охиноо алга болсны дараагаар сэтгэл зүрхээ дэвтээх гэсэндээ хүүгээ өөр хүнээс үрчилж авсан гэдгээ хэлснээр, төрсөн эгч дүү хоёр биш гэдэг нь тодорхой болж, хурим цааш үргэлжилжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: https://nypost.com/2021/04/06/adopted-groom-marries-his-moms-daughter-in-wedding-in-china/
Сэтгэгдэл үлдээх