“Амгалан дэлхий” төсөл Гандандаржайлин хийдийн сүсэгтнүүдтэй хамтран таван төрлийн 500 мод тарьжээ
Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ гадаах талбайг моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа эхэллээ.
“Амгалан дэлхий” ТББ энэ жил дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төслөө хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан нутгийн иргэдтэй хамтран тарьж байна.
240 гаруй жилийн түүхтэй Мөрөнгийн хүрээ хийдийн суурин дээр 1991 онд байгуулагдсан Гандандаржайлин хийд нийт 5 га талбайтай. Түүнийхээ ихэнхийг моджуулж зүлэгжүүлж, аялагч сүсэгтнүүд, хүүхэд залуусын амарч салхилдаг газар болгохыг зорьж байгаагаа тус хийдийн хамба Д.Хоролбат лам танилцууллаа.
Тэрээр “Мод тарих амархан, тарьснаа арчлах нь чухал. Дээр нь байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах, ээлтэй байхыг манай хийд олон нийтэд уриалж байна.
Бурханы номлолд хог тарихаас эхлээд зүй бус харьцаж ул мөр үлдээх нь лус савдгийн хорлол, үйлийн муу үрийг тарьдаг гэдэг. Тиймээс эх дэлхий, ахуй орчинтойгоо зөв зохистой харьцах, ээлтэй байхыг зөв талаас нь таниулан сурталчлах нь өнөөдөр чухал байна. Тогтвортой хөгжлийн зарчим, сургаал ч энэ юм.” гэлээ.
“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам:Анх хүүхдийн орчныг моджуулъя, ногоон болгоё гэдэг үүднээс “Амгалан дэлхий” төслөө санаачлан 2021 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Авьяас” ЕБС-д 1000 мод бэлэглэж, хамтдаа тарьж байсан.
“Дэлгэрмөрөн” ЕБС, Политехникийн коллеж гээд гурван сургуульд амжилттай хэрэгжсэн. Энэ жил Гандандаржайлин хийд санал тавьснаар хамтарч байна. Мөрөн хот сайхан эмх цэгцтэй, бусад сумдад жишиг болохоор төлөвлөлттэй. Одоо харин бидэнд мод бут, ногоон орчин дутагдаж байна. Тиймээс “Миний, манай орчныг би, бид л өөрчилнө” гэж уриалж, 2500 дахь модоо И.Даваажавын үр хүүхдүүд бид, “Амгалан дэлхий” ТББ нутагтаа хандивлан, Мөрөнчүүдтэйгээ хамтдаа тарьж, хамтдаа ургуулж байна. Гүйлс, хайлаас, голт бор, үхрийн нүд, гацуур зэрэг нийт таван төрлийн 500 модоо өнөөдөр хамтдаа Гандандаржайлин хийд дээр тарилаа.
“Амгалан дэлхий” төслийн орон нутаг дахь зөвлөх, доктор Ж.Оюунмаа: Гандан хийд, лам нар, ер нь шашныхан хүний сэтгэлийг эмчилдэг, тэр чигт ажилладаг. Одоо бүтээлчээр байгалийг эмчлэхэд олон нийтийг уриалж, анхаарал хандуулах хэрэгтэй байна. Үүний нэг жишээ нь Мөрөнгийн хийдийн лам нар Үндэсний мод тарих өдөрт нэгдэж мод тарьж байгаа энэ үйл байх.
Дэлхийг амгалан болгохын төлөөх зорилго, үйлсийн нэг шугаман дээр Гандандаржайлин хийд, ТББ хоёр явж байна гэж харлаа.
Мөрөнгийн орчим мод тарих нь чухал. Эвдэрсэн газар шороогоо эмчилж, зүлэгжүүлэх нь маш чухал байна. Эргэн тойрон хөрс шороо маш их эвдэрсэн байна. Дагтаршсан хөрсөө сийрэгжүүлж, усаар тэжээхэд л ногоорно” гэлээ.
Гандандаржайлин хийдэд сүсэгтэн олноос гадна Улсын бүртгэлийн газрын хамт олон, залуу, ахмадууд гэр бүлээрээ ирж хамтдаа мод тарилаа.
Сэтгэгдэл үлдээх