Цэс Close

Америкийн хамгийн үнэтэй 7 салалт

Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс эхнэрээсээ салах болсон тухай мэдээ хэдэн хоногийн өмнө дэлхийгээр нэг тарсан. Эхнэр нь гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн юм билээ.  Өмч хөрөнгөө хуваах асуудлыг бол шүүхээр шийдүүлэлгүй өөрсдөө шийдчихнэ гэсэн бодолтой байгаа гэнэ. Гэлээ ч гэр бүлээ цуцлуулснаар тэд дэлхийн хамгийн үнэтэй салалтаар тэмдэглэгдэх нь гарцаагүй юм.

Тэгвэл та бүхэнд АНУ-ын түүхэнд гэр бүлээ цуцлуулаад хамгийн хамгийн үнэтэй салалтаар нэрлэгдсэн  тохиолдлуудаас дурьдая.

Руперт Мэрдок – Анна Торв.

1999 онд хэвлэлийн магнат Руперт Мэрдок 32 жил ханилсан эхнэрээсээ салахаар шийдлээ. Гэр бүлээ цуцлуулснаас хойш ердөө 17 хоногийн дараагаар 68 настай Мэрдок хятад гаралтай 30 настай бүсгүй Вэнди Дэнгтэй гэрлэсэн юм. Хятад бүсгүй гэр бүл салах гол шалтгаан байсан хэрэг. Гэр бүлээ цуцлуулснаар Анна Торв хоосон үлдээгүй ээ, түүнд 1.7 тэрбум ам.доллар ногдсон юм.

Мэл Гибсон – Робин Мур.

Холливүдийн алдарт жүжигчин Мэл Гибсон гэр бүлээ цуцлуулахаар болсон тухайгаа зарласнаас хойш гурван жилийн дараагаар буюу 2009 онд эхнэрээсээ салсан. Мэл Гибсоноос гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулсныхаа төлөө Робин Мур нөхрийнхөө 30 жилийн хөдөлмөрийн үр шимээр олж цуглуулсан мөнгөний яг тэн хагасыг буюу 425 сая ам.доллар хүртжээ.

Роберт Жонсон – Шэйла Крамп.

33 жил хамтдаа амьдарсныхаа дараагаар Black Entertainment Television-ийг үүсгэн байгуулсан Роберт Жонсон салахаар шийджээ. Дэлхийн толгой баячуудын жагсаалтад бичигдсэн анхны хар арьст эр тэрбээр 2002 онд гэр бүлээ цуцлуулахдаа эхнэртээ 400 сая ам.доллар өгсөн байна.

Майкл Жордан – Хуанита Вана.

Сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа тоглогч Майкл Жордан гурван хүүхдийнхээ эх Хуанитагаас 2002 онд салах тухай мэдээ тарлаа. Тэд дахин ярилцаж, дөрвөн жил гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн ч 2006 онд гэр бүлээ цуцлуулсан юм. Жордан 17 жил хамт амьдарсан эхнэртээ 168 сая ам.доллар хувааж өгсөн.

Нил Даймонд – Марсиа Мерфи.

Forbes-ийн цохон тэмдэглэснээр Америкийн хамгийн амжилттай дуучин, дууны үг зохиогч Нил Даймондын орлого ойролцоогоор 300 сая ам.доллар байж. Харин эхнэрээсээ салахдаа энэ хөрөнгийнхөө яг тэн хагасыг өгсөн тухай мэдээлсэн. Гэвч үнэндээ энэ дүнд хүрэхээргүй мөнгө өгчихөөд Нил Даймонд “Түүний үлдсэн амьдралд хангалттай хүрэлцэнэ ээ” гэсэн юм билээ.

Жефф Безос – Маккензи Безос.

Мэдээж, хамгийн үнэтэй салалтын эзэд нь одоогоор бол Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний эхнэр Маккензи. Маккензи одоо жирийн нэгэн дунд сургуулийн Байгалийн ухааны багштай хамтдаа жаргалтай амьдарч байгаа юм билээ.

Энэ эмэгтэй Жеффээс салахдаа Amazon-оос хүртсэн хувь нь л гэхэд 38 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах