АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад албан ёоор нислэг үйлдэж эхэллээ

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “United Arilines”компанийн Зүүн Өмнөд Ази, БНСУ, БНХАУ-ын Маркетингийн бодлого хариуцсан захирал Уолтер Диас, "United Arilines”компанийн Монгол, Сингапур болон оффлайн улсуудыг хариуцсан менежер, хатагтай Элайн Йип, “United Airlines” компанийн Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Самуэл Шинохара болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: "АНУ-ын нислэг нь Америкийн Нэгдсэн Улсын иргэд, жуулчид төдийгүй Монгол Улсаас АНУ-д сурч, амьдарч байгаа манай иргэдийг хоёр орны хооронд дэлхийн топ агаарын тээвэрлэгчийн нислэгээр түргэн шуурхай, тав тухтай зорчих боломж нээгдэж, холын Америк бидэнд ойртлоо. Мөн шинэ чиглэл нээгдсэнээр худалдаа, аялал жуулчлал, боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд онцгой чухал салбаруудад шинэ боломж, шинэ гарц нээнэ гэдэгт итгэж байна" хэмээлээ.
Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болон нэмэгдэж байна.
Албаныхны хэлж буйгаар “United Airlines” авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэх аж.
Нислэгийн цагийн хуваарийг сонирхуулбал:
- Токио (Нарита) ⟶ Улаанбаатар 16:30 – 20:55 Мягмар, Пүрэв, Ням гараг
- Улаанбаатар ⟶ Токио (Нарита) 09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл үлдээх