Цэс Close

АН-ын нэр дэвшигчдээс боловсрол, туршлагаараа Ж.Баярмаа, Н.Одонгуа нар өнгөлж байна

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид түлхүү орж ирж байгаа. Энэ нь Сонгуулийн тухай хуульд олон өөрчлөлт орсны нэг нь эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэнтэй холбоотой юм.

УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээс боловсрол, туршлага, мэдлэгээрээ өнгөлж буй бүсгүйчүүдээс хоёр  эмэгтэй нэр дэвшигчийн тухай энэ удаагийн дугаарт онцлон хүргэе.

АН-ын дэд дарга Жудагийн Баярмаа: Тэрээр жагсаалтад эхний 10 дотор бичигдсэн хүний нэг. Ж.Баярмаа нь 1998 оноос хойш одоог хүртэл улс төрд явж байгаа.  Ер нь бол  ардчиллын төлөө тууштай зүтгэж ирсэн бүсгүйчүүдийн нэг.  1990 онд АН-ын гишүүнээр элссэн түүний улс төрийн замнал 1998-2000 онд МҮАН-ы дэргэдэх “Шинэ Үе” залуучуудын байгууллагад Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллахаас эхэлсэн. Ардчилсан Залуучуудын холбооны Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, ЧД-ийн АН-ын хорооны гишүүн, ҮБХ-ны тэргүүлэгч, АН-ын дэд дарга гэх мэт намын улс төрийн албан тушаал хашжээ. Намын арын фронтод ажиллахдаа 2020 онд АН-ын дүрмийг шинэчлэлд гол үүрэг гүйцэтгэж ажилласан хүний нэг.

Сүүлийн 20 орчим жил АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Нэг талаар АН-ыг мандан бадрах, гандан буурах цагийн алинд ч арын фронтод намын шинэчлэлийн төлөө ажиллаж байсан гэж хэлж болох нь. Идэр насных  боловч улс төрийн замнал түүхээс нь харахад нам дотроо “хуучцуул”-ын эгнээнд багтахуйц  урт намтартай аж.

Дотоод, гадаадад боловсрол эзэмшсэн. Эрх зүйч, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй тэрээр Японы Осакагийн их сургуульд мастер хамгаалжээ. Орос, англи, япон хэлтэй. АНУ, Чех, Унгар зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн. Түүнд мөн төрд ажилласан туршлага, мэдлэг бий. Тэрээр БСШУЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвд дэд захирал, Гадаад харилцааны яаманд Дотоод аудит, хяналт-шинжилгээний газарт II нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт I нарийн бичгийн даргаар тус, тус ажиллажээ. Мөн УИХ-ын Тамгын газарт Гадаад харилцааны хэлтсийн зөвлөхөөр ажилласан.

Ж.Баярмааг хүний эрхийг дэмжигч гэдгээр нь олон нийт танина. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чухлыг сануулж,  хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буйг эсэргүүцэн жагсаж байв.

Түүний нийгэмд шүгэл үлээсэн асуудлын нэг нь сонгуулийн үеэр явагддаг булхай, луйврын асуудлыг олон нийтэд илчилж, түүний эсрэг тэмцсэн. АН-ын үйл хэрэгт 16 жил тасралтгүй  оролцохдоо намын бодлогын шинэчлэл дээр санаачлагатай идэвхийлэн оролцож ирсэн зэргээс нь дүгнэхэд Ж.Баярмаа нь яах аргагүй нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн лидер бүсгүйчүүдийн нэг юм. Хүний эрхийг дэмжигч,  боловсрол мэдлэг, туршлагатай Ж.Баярмаа бол УИХ-д байх тод өнгө.  Шулуун шударга дайчин гэдгээрээ намдаа болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцэгч бүсгүйчүүдийн нэг.

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа: Тэрээр УИХ-ын энэ сонгуулийн 5 дугаар  тойрог болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв гэсэн төвийн бүсээр нэр дэвшиж байна.

Н.Одонгуа нь нийгмийн эрүүл мэндийн асуудлыг Монголд анх хөндөж “шүгэл” үлээж, шинжлэх ухаанчаар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Боловсролын хувьд БНСУ-ын Ёнсэй их сургуульд нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг хамгаалсан. Ажлын туршлага нь Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй гадны улс оронд зочин судлаачаар түлхүү ажиллажээ.

Түүний ажлын туршлагаас нь дурдвал АШУҮИС-д багш, бүрэлдэхүүн сургуулийн захирлаар ажилласан. Түүнчлэн Ёнсэй их сургуульд судалгааны үндсэн судлаачаар, БНСУ-ын Үндэсний ЭМД-ын когорт судалгааны эрсдлийн судлаачаар тус тус ажиллаж байжээ. Ази Номхон далайн бүсийн НЭМ-ийн Их дээд сургуулийн залуу удирдагч консорцумын гишүүн гэх мэтээр олон улсад ажилласныг нь дурдаж болно.

Эх орныхоо нэрийг гадны улс оронд өндөр өргөж яваа түүнд Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр багагүй бий. Монголд ДЭМБ болон олон улсын нэн чухал төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийн тогтолцоонд олон шинэчлэлийг хийж иржээ. Тухайлбал, ЭМЯ-ны захиалгаар “Монгол Улсын үндэсний хэмжээнд ЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг үнэлэх, авч хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох” төслийг хэрэгжүүлсэн нь манай улсад чухал ач холбогдлыг авчирсан. 2016 онд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль батлагдахад гол хувь нэмэр оруулжээ. Уг хуулийн төслийг санаачлагчдын нэг байсан ба тус хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд голлон гар бие оролцсон байдаг.

Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа нь судлаачаар ажиллахынхаа зэрэгцээгээр “Эрүүл мэндийн сайн дурын ажилтан-гарын авлага”, “Эрүүл мэндийн боловсрол ба зан үйл” сурах бичиг, “Ухаалаг ходоод”, “Аз жаргал ба стресс”, “Зөөлөн ур чадвар -SOFT SKILLS” гэх мэт 10 орчим ном бичсэн зохиогч юм. Түүний бичсэн 10 өгүүлэл олон улсын peer-reviewed сэтгүүлд  нийтлэгдэхийн зэрэгцээгээр олон улсын хуралд, дотоодын хуралд эрдэм шинжилгээний 40 гаруй илтгэл хэлэлцүүлжээ. Мөн дотоодын сэтгүүлд 50 гаруй өгүүлэл гаргажээ. Энэ нь салбар дотроо тэргүүлэх зэргийн өндөр боловсрол мэдлэгтэй, манлайлагч гэдгээрээ хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн.

Улс төрийн хувьд АН-ын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт ажилласан, эрүүл мэндийн тогтолцооны реформыг нэвтрүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байгаа. Өмнө нь 1996 онд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас УИХ-д нэр дэвшигчдийн кампанит ажлын зохицуулагчаар ажилласан, 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын Эрүүл мэндийн реформын ерөнхий зохицуулагчаар ажилласан гэх мэтээр  нийгмийн  төлөө ажиллаж ирсэн арвин туршлагатай юм. Одоо монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын тогтолцооны бодлогын шийдэл, шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах