Цэс Close

Архинаас  “Та татгалз”

-Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг-

Согтуурсан үедээ алдаа гаргасан, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүсийг “Архи руу хамаг буруугаа чихлээ” гэдэг. Энэ нь нэг талаараа үнэн боловч нөгөө талаараа архинаас л болж байгаа нь бас үнэн. Хэрэв архи уугаагүй, эрүүл саруул байсан бол асуудал өөр байх нь ойлгомжтой.

Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ихэнх нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байдаг ажээ. Сүүлийн гурван жилийн байдлаар согтуугаар хүний эрүүл  мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12 мянга гаруй бүртгэгдсэн байна. Нийт хорих ял эдэлж буй хүмүүсийн 50 хувь нь ямар нэгэн байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Иймд ЦЕГ-ын харьяа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс”-ээс иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины хор уршигийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна.

Манай улсад гарч буй гэмт хэргийн гаралтад архи нөлөөлдөгийг судалгаагаар тогтоосон.  Тухайлбал, гэмт хэрэг гаралтыг гарагаар нь авч үзвэл Баасан гарагт тодорхой тооны өсөлттэй байдаг.  Энэ нь архи, согтууруулах ундааны хэрэглээтэй шууд хамааралтайг илэрхийлж байгаа юм. Цаг хугацааны хувьд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагт нийт хэргийн 37 хувь нь гарч байгаа нь ч өнөө л архинаас хамааралтай. Гэхдээ ойлгож ухаарвал, архинаас татгалзаж чадвал эерэг үр дүн гарч гэмт хэрэгтэн, гэмт хэргийн хохиорч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Үүний төлөө архины хэрэглээг бууруулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд ажилласаар байна.

Мөн хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас ч энэ чиглэлд тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа. Тухайлбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Намайг алгас” нөлөөллийн аяныг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Б.Оюутболд хэлэхдээ “Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан. Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 нь буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг. Энэ бол өмнөх оноос 15.8 хувиар буурсан үзүүлэлт.

Эхний найман сарын байдлаар нэг сая 964 мянга 123 зөрчил бүртгэгдсэн. Үүний 48723 нь буюу 2.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 13.6 хувиар буурсан үзүүлэлт.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож торгуулсан, эрхээ хасуулсан 23561 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан эерэг үзүүлэлт” гэсэн юм.

Архинаас татгалзаж чадвал ийм эерэг үр гарч байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Та татгалз” хэмээх дараагийн нөлөөллийн аянаа өрнүүлж байна.

Архинаас татгалзаж чадвал олон муу муухай зүйлсээс тойрч чаддагийг дээрх тоон үзүүлэлтүүд харуулж байна. Тиймээс та архинаас татгалз!!!

Архи болон гэмт хэргээс татгалзаж чадсанаар хүн та гэрэлт ирээдүйгээ сүйрүүлэхгүй байх боломж өмнө чинь бий гэдгийг санууштай юм.

 

Э.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах