“Асан”-гууд ба эрх чөлөөний хавар
1990 оны дөрөвүгээр сарын 7. 34 жил өнгөрчээ. 34 жилийн өмнөх тэр өдөр эрх чөлөөний хавар Монголд ирсэн юм. Монголд ирсэн ардчиллыг Ардчилсан намгүйгээр төсөөлөх аргагүй. Өнгөрсөн 34 жил олон юм өөрчлөгджээ. Миний мэдэх хамгийн том өөрчлөлтийн нэг нь үг хэлэх, үзэл бодлоо хэлэх эрх чөлөө байв. “Хамаагүй юм битгий ярь” хэмээх эмээгийн үгийг “Яагаад” гэсэн асуултаар булсан бага нас минь. “Эцэг эхийгээ асуудалд оруулах чинь дутаа юу” гэсэн айдас нуусан битүү үг. Телевизээр гарч байгаа костюмтэй хүний талаар санаандгүй хэлсэн балчир миний үг эцэг, эхийг минь яагаад асуудалд оруулна гэж. Үүний учрыг одоо ойлгосоон. Өвөө шоголтой номоо яагаад заавал шөнө дөлөөр гаргаж уншчихаад далдын далд хийдэг байсны учрыг бас л ойлгосон.
Хүүхэд насны дурсамжид тодоос тод үлдсэн энэ үйл явдлууд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөөгүй монголчууд бидний жирийн нэг айлд өдөр бүр тохиолдож байсан. Зөвхөн энэний төлөө хэлэхэд, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлсэн 34 жилийн өмнөх хаврын тэр нэг өдөр бол давтагдашгүй өдөр юм.
Нарлаг дулаахан хаврын энэ өдөр тэртээ 34 жилийн өмнөхийг дурсан байна. Том зааланд алга нижигнүүлэн алдаа, оноогоо дэнслэх Ардчилсан намынхан. Ардчиллыг бидэнд авчирсан Ардчилсан намынхан будилж төөрсөөр, салж нийлсээр өнөөдөртэй золгосон.
Жагсаж, өлсгөлөн зарлаж, ардчиллыг авчирсан гил хар үстэй, омголон залуус өнөөдөр зөвлөх голдуу ажилтай, тачир голдуу үстэй болж, зарим нь бүр толгой дээрээ сөөвийх ч юмгүй, нэг хэсэг нь цал буурал болжээ. Өнөөгийн тэдний төрх өнгөрсөн он жилүүдийг гэрчлэх мэт. Бүхэл бүтэн 34 жил толгойтой үс байтугай олон зүйлийг өөрчилжээ. 34 жилийн өмнө цэл залуухан явсан тэд ардчиллыг Монголд авчирсан гавьяатай. Тэд мөн ардчиллаа бүрэн дүүрэн утгаар нь авч ирэхэд алдаа гаргасан хүмүүс. Тэд бас олонтаа ялагдсан ч ардчиллыг авчирсан алтан хараацайн гуншиндаа цадаж, тэмцлээ үргэлжлүүлээгүй. Ардчиллыг та нар “монголчилсон”. Иргэд нь ардчиллаас олон сайхныг хүртсэн хэрнээ ардчиллаа, ардчилагчдаа шүүмжилж, үзэн ядах болсны буруу нь та нарт бас хамаатай. Байгуулж байсан Ардчилсан нам нь ч цэгцэрч өгөхгүй, ардчилал нь ч алдаа оноотойгоо ад шоо үзэгдэх болов. “Ардчилсан намаас бол бор халзан хонь ч байсан сонгуульд ялахаар ” болтол нь дэмжиж байсан юм шүү, энэ ард түмэн. Эрх баригч намыг зүхэхээсээ өмнө иргэдийн итгэлийг юун дээр алдсан байна гэдгээ нухацтай авч хэлэлцэх цаг болсон шүү. Дотоод зодоон чинь хэрээс хэтэрч, шуналтнуудынхаа аманд орж, дээрэлхүүлсээр нам ч үгүй болох дээрээ тулснаа мартаагүй биз ээ. Даанч хайран. Энэ удаа Ардчилсан намын хувьд хариуцлагатай жил. Эв түнжинтэйгээс гадна, юун дээр алдсанаа эргэн харж, засаж залруулмаар байна. Энэ удаагийн сонгууль маш том сорил болно. Эрх баригч намаа муулж, гоморхохоос илүү өөрсдийн алдаа, оноогоо дэнслэх цаг. Хуучнаа бодвол Ардчилсан нам залуу үеэр эгнээгээ тэлсэн нь харагдана. Залуу үегүй шахуу болчихсон Ардчилсан намынхныг шүүмжилж “Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвгөцүүл өөрсдөөрөө дуусах уу” гэж бичиж байсан үеэс минь байдал өөр болжээ. Ялагдлын гашууныг мэдэрсэн он жилүүдэд залуу үе ардчиллаас нүүр буруулсангүй. О.Чулуунбилэг, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, Ц.Уянга, Ж.Баярмаа, О.Эрдэнэбулган, С.Батзаяа, Г.Буянбаатар, Р.Шинэгэрэл гээд ид гялалзсан, идэр насны бүтэн арми байхад тэдний дараах лавтай хоёр үе бэлтгэгдсэн байна. Сайхан санагдлаа. Нэг залуу бүсгүй “Ардчилалтай чацуу учраас бид эрх чөлөөний мэдрэмж өндөртэй” гэж ярьж байна. Тийм ч биз, үгүй ч биз. Эрх чөлөөт нийгэмд төрсөн залуус эрх чөлөөгүй байхын зовлонг яаж мэдэх билээ. Тэр зовлонг хойч үедээ мэдрүүлэхгүйн төлөө тэмцэж явсан өмнөх үеийн ах, эгч нартаа талархаарай. Эрх чөлөөгүй байх ямар хэцүүг мэддэг тэр хүмүүс эрх чөлөөний үнэ цэнийг илүү мэднэ. Эрх чөлөөний мэдрэмж өндөртэйгөө бахдан ярих үзэсгэлэнт бүсгүй чиний ингэж хэлэх эрхийн төлөө тэртээ гуч гаруй жилийн өмнө идэр есийн хүйтэнд цоо шинэ нийгмийг хүссэн идэрхэн залуус хүйтэн цементэн дээр өлсгөлөн зарлаж суусан юм шүү. Бүү мартаарай.
Саяхан Ардчилсан нам дахь дөрвөн фракц сонгуульд эвтэй орохоо илэрхийлэн эвсэж буйгаа зарласан арга хэмжээ боллоо. Цагтаа халимагтай, сайд дарга хийж байсан Да.Ганболд, Д.Эрдэнэбат, 23 настай парламентын гишүүн болж шуугиулж явсан С.Баярцогт, тэмцлийн эхний эгнээнд явсан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, нэрт нийтлэлч Баабар, авьяас онгод нь халгиж явсан Д.Сосорбарам бүгд л ирсэн харагдана. Бүгд л ардчиллын анхдагчид. Тэд тайзан дээр ерөөлтөй болон шүүмжтэй, бас бодууштай сайхан үгс хэлж байна. Тэдний тайзнаа гарахад Ерөнхий сайд асан, сайд асан, дэд сайд асан, УИХ-ын гишүүн асан, ийм, тийм салбарын дарга асан тэр гуай гээд л хөтлөгч зарлаж байна. Нэр дуудагдан тайзан дээр гарсан хүмүүсээс гуншингийнхаа араас “асан”-гүй нэг ч хүн алга. Асан гээч өнгөрсөн цаг дээрхи үг. Энэ үг Ардчилсан намынханд ямар нэгнийг анхааруулж буй мэт. Алийн болгон өнгөрсөн цаг дээр дуудагдах юм бэ. Юутай ч “асан”-гууд та нарт баярлалаа. Тэдний хувьд хэзээ ч өнгөрсөн цаг дээр хэлэгдэхгүй гуншин бол ардчилал авчирсан гавьяа нь. Ардчилагч асан, алтан хараацай асан гэж хэнийг нь ч хэлэхгүй.
Харин тэр орой сонссон “асан”-гууд Ардчилсан намынхныг эрх бариагүй удсаныг, олонтаа ялагдсаныг илтгэх мэт.
Ардчиллын салхи үлээсэн 1989 оны тэр нэгэн өвөл, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлсэн 1990 оны тэр нэгэн хавар. Түүхэн өдрүүд. Монголчуудын дийлэнх нь төдийгөөс өдийг хүртэл Ардчилал, Ардчилсан нам хоёрыг нэг юм гэж ойлгож ирсэн. Ардчиллынхан өөрсдийг нь сонгохгүй болохоор ялсан намыг, эсвэл сонгогчдыг буруутгадаг байлаа. Ардчиллынхан та нарт тэгээд буруу байсангүй юу. Гээндээ ч бий, гоондоо ч бий. Будилж төөрсөн, хэрхүүл зодоонтой он жилүүдэд чинь иргэд эсвэл өөр нам буруугүй ээ. Монголчууд ардчилалд дургүйдээ биш ээ. Та нарын байж байгаа царай өнгөрсөн олон ялагдалд нэлээд хувь нэмэр оруулсан шүү.
Ардчилсан орон болоод 34 жил болоход ардчилал бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй гажуудсаныг Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрч эхэлсэн байна лээ. Олон чухал салбарт 34 жилийн өмнөх социализмын сүнс нь үлдсэн. Эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, хуулийн байгууллага, эрдэс баялагийн салбарыг та нар бүрэн бүтнээр нь өөрчилж чадаагүй. Хуучин байсан бүхний сүнс өнөөдөр оршин байна. Эргээд харсан нөгөө зорьсон ардчилал мөн үү гэж асуухаар болж.
Дэлхий нийтээрээ ардчиллын гажуудлын талаар ярьж байна. Засах залруулах маш их юм байна. Монголын ардчилал ч гажуудсан гэдгийг ардчиллыг дэмждэг эрүүл соргогууд нь хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа Ардчилсан намынхан үүнийг ойлгосон нь том алхам. Гажуудлыг засч, зөв замд нь оруулахын тулд “асан”-гууд биш болох хэрэгтэй. Ерөнхий сайд Тэр, салбарын сайд Тэр, газрын дарга Тэр, УИХ-ын гишүүн Тэр болж, гажуудлаа засна биз ээ хэмээн баярын өдрөөр тань ерөөе.
Д.Мөнгөндалай
Сэтгэгдэл үлдээх